Улаанбаатар хот дахь зарим шатахуун түгээх станцуудаар АИ-92 автобензин зарагдахгүй, тасалдал үүсээд байна. Иймд эл асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад дараах хариулт өглөө.
Тэрбээр дан ганц нөөцөөс болж, шатахууны тасалдал үүсдэггүй. Шатахууныг зургаа, долоон сараар нөөцлөх боломжгүй. Тийм учраас Монгол Улс өөрөө, өөрийгөө хангадаг болох ёстой юм.
ОХУ өнгөрсөн аравдугаар сард тогтоол гаргахад Монгол Улс руу шатахуун 20 хоногийн турш ачилт хийгдээгүй. Гэхдээ бид энэ доголдлоос бага, багаар гарч байна. Аравдугаар сарын 6-наас хойш АИ-92 36 мянга тонн орж ирсэн бол ДТ-44 мянган тонн импортлогдсон. “Роснефть” компаниас дан ганц нийлүүлэлт хийж байна. Одоо гэхдээ асуудал гарахгүй, ойрын үед түгээлт жигдэрчихнэ. Дөрвөн колонк зэрэгцээд байлаа гэхэд хоёр дээр нь АИ-92 дуусахад асуудал гарч байна. Өмнө нь Ховд, Баян-Өлгий аймгаар шатахуун орж ирдэг байсан бол одоо орж ирэхгүй байгаа. Бид хойд хөршид өдөр бүр л асуудлыг тавьж байна.
АИ-92-ын хувьд үнэ хэвээрээ, таван жилийн турш тогтвортой үнээр нийлүүлэгдэнэ. ДТ-ний хувьд литр тутамдаа 200 төгрөгөөр өссөн байгаа. Зах зээлд ДТ-ний үнэ буувал хямдарна, өсвөл нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд шатахууны хомсдол үүсч болзошгүй байсныг бид 20 хоногийн нөөцөөрөө барьсан” гэлээ.