Олон улсын соёл, спортын “Эв модны наадам” фестиваль энэ оны аравдугаар сарын 27-28-нд ОХУ-д болж өнгөрлөө. Тус наадамд Монгол Улсыг төлөөлөн Дорнод аймгийн төлөөлөгчид оролцлоо. “Эв модны наадам” нь аль XIX зуунаас эхтэй бөгөөд Монгол, Орос хоёр улсын хил орчмын ардууд хамтран баяр тэмдэглэдэг уламжлалаас үүдэлтэй.
Хил орчмын иргэд харилцан бие биедээ зочилдог уламжлалтай байсан бөгөөд үүнийг монголчууд “нарин” гэдэг байсан бол оросууд “обоюд” гэж хэлдэг байжээ. “Эв модны наадам”-ыг жил бүр зохиодог байсан бөгөөд өмнөх жилийн баяр дуусахад таллаж хуваан авч явсан модоо наадмын үеэр эвлүүлдэг байжээ. Хуш модоор хийсэн уг самбар дээр нэг тал дээр нь оросоор “Пусть живут в мире и дружбе русские и монголы”, нөгөө тал дээр монголоор “Орос, монголчууд эв найрамдалтай амьдраг” хэмээн бичсэн байдаг. Наадам дуусаад буцахдаа самбарыг таллан хувааж дараагийн наадам хүртэл хадгалдаг. Хэзээ, хаана уулзахаа харилцан тохиолцоод, болзсон газраа, болзсон цаг хугацаандаа ирэн самбараа нийлүүлэн наадмаа эхлүүлдэг уламжлалтай.
Энэ сайхан уламжлал өнөөг хүртэл хадгалагдаж байна. Цар тахал болон дэлхийд бий болоод байгаа амаргүй нөхцөлд байдлыг үл харгалзан энэ уламжлал тасраагүй үргэлжилсээр байна.
Энэ жилийн “Эв модны наадам”-ыг Өвөр Байгалийн Борзя хотод хоёр өдөр тэмдэглэж, Орос, Монголын төлөөлөгчид соёл, спортын ур чадвараа үзүүлж, боловсрол, хүмүүнлэгийн салбарынхан харилцан туршлага солилцож, хил орчмын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.
Монголын төлөөлөгчид Борзя хотын Бүс нутгийн судлалын музей, Өвөр Байгалийн Төв номын сан, Цэргийн алдрыг хүндэтгэх дурсгалын комплекс болон соёл урлагийн төвүүдээр зочиллоо.
Наадмын үеэр Монгол, Оросын багш нар харилцан нээлттэй хичээл зааж, багшлах ур чадварын мастер-классыг харууллаа.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Иргэдийн хурдын дарга П.Гантулга наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсныг тэмдэглээд, хоёр орны төлөөлөгчид халуун дулаан уур амьсгалд уулзсаныг онцоллоо.
“Бид түншийн харилцаагаа цаашдаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтын хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ нь ялангуяа залуу үед сайнаар нөлөөлөх бөгөөд хоёр орны залуус нэг нэгнийхээ соёлыг таньж мэдэн судлах учиртай. Наадмын өндөр хэмжээний зохион байгуулалтад бид сэтгэл өндөр байна. Борзинский дүүргийнхэн энэ жилийн “Эв модны наадам”-д маш сайн бэлджээ” хэмээн П.Гантулга хэллээ.
Ирэх жил наадмыг Монголын тал зохион байгуулна. Наадмын төлөөлөгчид ирэх жилийн наадам амжилттай зохиогдож, хоёр орны харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
С.ПАЛАМ
Холбоотой мэдээ