Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2023.11.01/ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт хариуцлага тооцохыг шаардсан жагсаалыг Төрийн ордны гадаа зохион байгууллаа. Жагсагчид Төрийн ордны баруун талд жагсан, шаардлага тавьсан юм.
Нийслэлээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх зорилгоор Вьетнам улсаас автобус оруулж ирсэн ч асуудалтай байснаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Харин Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүдийн хувьд “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах ёстой. Сайдын албанаасаа буусан нь хангалтгүй” гэж үзэж байна. Учир нь, ногоон автобуснаас болж, 318 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байж болзошгүй асуудал яригдах болсон. Мөн МАН долоон жил төр барихдаа ард түмнээ мөнгө угаах хэрэгсэл болгосон. Нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногддог болсон. Адаг сүүлд нь амьдарч байгаа бүсээр нь ялгаварлан хоёр хувааж, нэг иргэн 27500 төгрөгийн татвар төлж байж, хотын төв рүү зорчих эрхтэй болох асуудал яригдаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлаа аваад хэдхэн хонож байж, ард түмнийг мөлжих шийдэл гаргаж байгаа Х.Нямбаатарыг мөн огцрохыг шаардаж байна" гэлээ. Улмаар тэдэнд хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхий сайдын зөвлөхөд өгсөн юм. Шаардлагын хариуг тодорхой хугацааны дараа эргэн авах юм байна.
Г.ХОРОЛ