“Ногоон баас /bus/”-ыг цэвэрлэхээр хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар АН-ын бөгсийг ухахаар шийджээ. Мэдээж, бөгс ухвал баас л гарна. Түүний дэлгэсэн баримтаас харахад хаана төрийн өмч, төвлөрсөн хөрөнгийн хулгай гарна, тэнд Женко.Баттулгын нэр байдаг нь бараг жам ёсны зүйл болж. Ганц Женко ч биш, өнөө “гурван үсэгт”-нүүд, үндэсний хөрөнгөтнүүдийн авсан, шахсан мөнгө нь мөртэйгөө байна.
ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай, төмөр замын авлига, ногоон автобусны луйвар зэргээс харахад өнгөрсөн 30 жилд монголчууд чөлөөт эдийн засгийг биш чөлөөт хулгайг хөгжүүлж иржээ.
Өчигдөр эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаар төрийн өмчийг “хулгайлчилж” авсан нөхдүүд өнөөдөр ч даабль стандартаар төвлөрсөн их хөрөнгө, мөнгө болгоноос тоншиж суудаг болсон байна. Хүний хөрөнгөтнүүд улсаа бүтээдэг бол манай хөрөнгөтнүүд улсаа тонодог, дээрэмддэг л бизнес бий болгосон байна. Энгийн л гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болсон Элон Маск цахим төлбөр тооцоог хялбарчилж, сансар судлалыг хөгжүүлж, цахилгаан машин бүтээж байхад Ж.Оджаргал утаагүй зуух тарааж, Х.Баттулга бурханы хөшөө барьж, П.Батсайхан мөнгө хүүлж, Ц.Баатарсайхан өвчүү, ууц чанаж сууна. Үүнийг үндэсний хөрөнгө оруулалт гэхгүй, үндэсний дээрэм л гэнэ. Элон Маскийн амжилтийн нууж нь зөвхөн мөнгөтэй болох биш бол Монголын бизнесменүүдийн хөлжсөн нууц нь сан болгоныг тонож, тендер болгоныг хамж ирсэнд оршино.
Үндэсний том хөрөнгөтнүүд хөгжил дэвшлийг бий болгодог, харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байр бий болгодог гэж үгтэй.
Аливаа улс орнуудын үндэсний хөрөнгөтнүүд нь эдийн засгийн хувьд мөс зүсэгчид, иргэдийнхээ бахархал нь байдаг. АНУ-ын “Apple”, БНСУ-ын “Samsung”, Италийн “Enel”, Их Британийн “HSBC Holdings” , Францын “L’Oréal” Францын, Хятадын “Alibaba” , Швейцарийн “Nestlе” гээд дэлхийн олон том компаниуд улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрэхээс гадна үндэсний хүчирхэг том компаниуд төрүүлж өгөхийн төлөө ажилладаг. Харин манай үндэсний хөрөнгөтнүүд улсаа хорлож, иргэдийнхээ амьдралын орлогыг нь булаадаг. Монголын “хөгжлийн стандарт” гэгддэг "MCS" нь хүртэл экс Ерөнхийлөгч Х.Баттулгын "Женко" группээс ялгарах юм яг юу байна вэ?!
1.
Мэдээлэлд ойр, эрх мэдэлд илүү ойр явсан хүмүүс өмч хувьчлалаар өмчтэй болсон нь бодит үнэн. Ганзагын наймаачнаас үндэсний хөрөнгөтөн болсон, үндэсний хөрөнгөтнөөс Төрийн тэргүүн хүртэл “дэвшсэн” Х.Баттулга гэхэд “Мах Импекс”-ийг хувьчилж авахдаа “Эрдэнэт”-ийн гурван сая ам.доллараар авсан гэх яриа бий. УИХ-аас байгуулагдсан нэгэн ажлын хэсгийнхэн энэхүү хувьчлалыг хууль бус гэж тогтоосон ч, түүнийг нь хуулийн хяналтынхан шалгасан нь үгүй. Энэ мэт Х.Баттулгын хувьчлал нэрээр хулгайж авсан төрийн өмч нэгээр тогтохгүй, “Талх чихэр”, “Баянгол”, ХИД, гэх мэтчилэн үргэлжилнэ. “Баянгол” зочид буудлыг гэхэд өөрийнх нь орлогоор /40-хөн сая төгрөгөөр/ өмчлөөд авчихсан л гэдэг. Тэгвэл “Талх чихрийн комбинат”-ыг тэрбээр 1999 онд өөрийн болгожээ.
Үндсэндээ ерээд онд 928 объектыг хувьчлал нэрээр манай “төр-хувийн хэвшлийн түншлэл” хулгайлж авсан нь баримттайгаа үлджээ. “Нефть импорт хангамж”-ийн нэгтгэлийг “Нефть импорт концерн”/НИК/ болгоод гурван гэр бүл хувааж эзэмшсэн байдаг.
Төрийн өмчийг хувьчлал нэрээр хулгай хийх ажлыг гардан зохион байгуулсан гол хүний нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа хадам аавдаа Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрийг, өөртөө “Зүчи” зочид буудал, Эрчим хүчний барилга трест, Геологийн төв лабораторийн 15 давхар барилга, гутлын үйлдвэр зэргийг зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнэлэн, үнэгүйдүүлж авсан гэх яриа оргүй хоосон үг биш байх. Овоо босгоогүй бол шагшрах шаазгай олддоггүй л…
Жишээ нь, “Залуучууд” зочид буудал, “Алтан тариа”, “Спирт бал бурам”-ыг жирийн иргэн Бат, Дулмаа өөрийн болгож өмчилж аваагүй нь үнэн. Технологийн дээд сургуулийг С.Төмөр-Очир, М.Энхболд хоёр мэдээлэлд ойр байсныхаа хувьд “мэдэж” авсан нь гарцаагүй. “Хужирт” рашаан сувилал ямар замаар Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өмч болсныг цаашлаад “Монгол эм импекс концерн”-ийг Б.Ундармаа, УИХ дэлгүүрийг А.Шагдарсүрэн яаж өөрийн болгосон бэ гэдэг нь АНХААРЛЫН ТЭМДЭГ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр жиргэсэн байна лээ, "Өнгөрсөн жилийн өдийд ТӨҮГ 130 байсан, Өнөөдөх 96. Удахгүй 60 хүргэнэ" гэж. Төрийн өмчийг цөөлөх ёстой, бүр илүү ч цөөлөх ёстой. Гэхдээ олон нийтэд нээлттэйгээр "цөөлөх" ажил явагдах ёстой. Түүнээс өмнөх их хувьчлал шиг их хулгай хийж болохгүй!
2.
Төрийн өмчийг хувьчлах ажиллагаа “Монгол шаазан” үйлдвэрээс эхлэж байжээ. Одоо уг үйлдвэрийн эзэн нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан. Тэрбээр ЖДҮ-ийг дэмжих санагас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шоронд суугаад гарсан. Их хувьчлалаар нийтдээ төрийн 2000 гаруй өмчийг зарж, ердөө 300 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байдаг. Зарсан өмч, олсон орлогын хэмжээг нь харьцуулахад их хувьчлал үндсэндээ их хулгай байсан нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна.
Тэр тусмаа төрийн өмчийг манах ёстой Төрийн өмчийн хороо /ТӨБЗГ/ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ёстой “хонь манасан чоно” шиг ажиллаж ирснийг батлах жишээ цөөнгүй.
Асашёорюү Д.Дагвадоржийн авсан “Асса” циркийг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар эхнэрийг нь Японд эмчлүүлж өгсний “аяганы хариу” болгосон гэлцдэг. Үнэн эсэхийг нь шалгаж тогтоосон хууль, хүчнийхэн өалга. Харамсалтай нь, энэхүү хувьчлалаас болж өдгөө Улсын цирк уушийн газар болсон нь, Монголын циркчид гудамжинд гарч, циркийн урлаг дампуурлаа зарласан нь бодит байдал.
Д.Сугарын хийсэн “хулгай” ганц энэ ч биш. Төрийн өмчид байсан Хадгаламж банкийг “Жаст”-ын Ш.Батхүүд хямдхан үнээр зарсан, өнөөх нь авсан банкаа тоноод зогсохгүй залилан, санхүүгийн луйврын хэргээр шүүхээс ял шийтгэл хүлээсэн юм. Гэх мэтчилэн өнгөрсөн 30 жилийн өмч хувьчлалын алдаа нь өнөөдрийн үер ус, өвчин зовлон, утаа угаар, түгжрэл болж асуудал нь амсараараа сагаж байна.
НҮБ-аас гаргасан нэгэн судалгаанд монголчуудын 0.28 хувь нь баян, 63 хувь нь ядуу амьдарч байгааг дурджээ. Энэ бол Монголын нийгэмд эрсдэл нүүрлэж буйг итгэж буй тоо ба дохио. Баян, ядуугийн ялгаа улам томрох тусам ардчилалд аюул нүүрлэх нь гарцаагүй. Учир нь олигархиуд хуулийг нь хуулийнхантай нь, хуулийнхныг нь хууль тогтоогчидтой нь худалдаж аваад Төрийн ордонд төлөөллүүдээ суулгаад байвал төрдөө гомдсон иргэд чулуу бариад босох вий!
Холбоотой мэдээ