Хятадын зарим улс төрийн шинжээч болон дипломат албаныхан Газын зурвасыг Шинжаантай харьцуулж байна. Энэ нь Бээжингийн Шинжаан дахь бодлого уйгур үндэстнүүдэд хөгжил цэцэглэлтийг авчирсан бол барууныхны Газын зурваст явуулж буй бодлого сүйрлийг авчирсан гэж дүгнэх оролдлого бололтой.
Франц дахь Хятадын Элчин сайдын яам Даваа гаригт өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа "Тайлбаргүй" гэсэн тайлбартайгаар сүйрсэн Газа болон өндөр хөгжилтэй Шинжаан хоёрыг харьцуулсан зургийг нийтэлжээ.
Энэ зураг Хятад болон Палестины ажиглагчдын дунд шуугиан тарив. Пакистан дахь Соёлын асуудал эрхэлсэн Хятадын төлөөлөгч уг зургийг өөрийнхөө хаягаар хуваалцсан боловч сүүлд нь устгажээ. Харин “Global Times” сонины ерөнхий редактор асан Ху Сижин хэлэхдээ "Шинжаан дахь 2014 оны террорист халдлагын дараа Хятад улс цус урсгасан хариу арга хэмжээ аваагүй учир Бээжин одоогоор уйгуруудтай ширүүн зөрчил байхгүй" гэжээ.
Хятад улс аравдугаар сарын 7-ны өдрийн Хамасын халдлагыг буруушаасан мэдэгдэл одоо болтол гаргаагүй. Харин оронд нь Израилийн Газад явуулж буй цэргийн кампанит ажлыг шүүмжилжээ.
Харин Уйгурын хүний эрхийн өмгөөлөгч Райхан Асат "Хятадын хэлмэгдүүлэлт Газын нөхцөл байдлаас илүү өргөн цар хүрээтэй" гэж дүгнэсэн байна. "Шинжаанд Хятадын эсрэг хүчирхийлэл үйлдэх Хамас шиг зэвсэгт бүлэглэл байхгүй. Гэвч Бээжин Уйгурын бүс нутгийн хүн амыг шийтгэсээр байгаа. Барууны орнууд Израилийг дэмжиж байгаа нь Хятадыг Ойрхи Дорнодод энх тайвны зуучлагч болох эрхгүй болгож байна" гэжээ.
Ойрхи Дорнодын эрх баригчид Израилийн Газын зурвас дахь үйл ажиллагааг шүүмжилж байгаа ч энэ дайн Хятадын нэр хүндийг унагасангүй. Учир нь Хятад улс тэдэнд хүний эрхийн лекц уншдаггүй гэж Ойрхи Дорнодын эрх баригчид сайшаалтай ханддаг аж.
Хятад улс далд байдлаар Палестиныг дэмжиж байгаа тул еврейчүүдийг эсэргүүцэх үзэл Бээжинд тархаж байна. Тухайлбал, еврейчүүд АНУ-ын баялгийн пропорциональ бус хэмжээг хянадаг тухай хэлэлцүүлэг цахим сүлжээнд саяхан өрнөжээ. Үүнийг төв засгийн газраас зохион байгуулсан кампанит ажил эсэхийг тодорхойлох боломжгүй. Гэхдээ Хятад улс Арабын орнуудтай харилцаагаа улам бэхжүүлэх замаар Шинжаанаас олны анхаарлыг холдуулах гэж байж магадгүй гэх таамаглалыг Израиль-Хятадын харилцааны шинжээч гаргажээ.
Эх сурвалж: SEMAFOR
Холбоотой мэдээ