Францын нийслэл Парисын галт тэргэн дотор нэгэн эмэгтэй "Аллах Акбар" гэж хашгирсныхаа төлөө цагдаад буудуулж, хүнд шархаджээ. Эмэгтэй мөн "Та нар бүгдээрээ үхэх болно" гэж хашгирсан байна.
"Бүх биеэ бүтэн халхалсан өмсгөлтэй эмэгтэй Мягмар гаригийн өглөө 07:30 цагийн орчимд Вал-де-Марн чиглэлийн галт тэргэнд заналхийлж байна" гэх дуудлага цагдаад иржээ. Цагдаа нар тухайн газарт очоод эмэгтэйг доошоо суухыг хүссэн боловч үгэнд нь оролгүй цагдаа нарын өөдөөс алхсан байна. Гараа өргөж, зэвсэггүй гэдгээ харуулахыг хүссэн боловч эмэгтэй мөн л татгалзсан тул цагдаагийн офицерууд түүнийг найман удаа буудсан. Гэхдээ эмэгтэй биедээ ямар нэгэн галт зэвсэг авч яваагүй нь шалгалтаар тогтоогджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор галт тэрэгний буудлыг Мягмар гаригийн үдээс хойш хаасан байна.
38 настай нэр нь үл мэдэгдэх эмэгтэй өмнө нь сэтгэцийн өвчин тусч байсан ажээ. Буудуулсны дараа эмэгтэй хэвлий орчимдоо хүнд гэмтэл авсан бөгөөд амь насанд нь ч аюул заналхийлж магадгүй байна.
Франц улсад Израиль, Хамасын мөргөлдөөнтэй холбоотой хурцадмал байдал үүсээд буй үед энэ хэрэг гарав. Мөргөлдөөн эхэлснээс хойш тус улс үндэсний хэмжээнд терроризмын сэрэмжлүүлэг гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Францын хэд хэдэн байршилд тэсрэх бөмбөгөөр олон нийтийг заналхийлсэн хэрэг энэ хугацаанд гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 18-наас хойш Францын нисэх буудлуудад тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн тохиолдол 100 удаа гарчээ. Мөн еврейчүүдийг эсэргүүцсэн аливаа гэмт үйлдэл 819 бүртгэгдсэн байна. Эндээс 414-ийг нь баривчилжээ.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ