АНУ-ын Сенатын Мягмар гаригийн сонсголын үеэр дайныг эсэргүүцэгчид үймээн дэгдээж, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений үгийг тасалдуулжээ. Гараа улаанаар будаж, лоозон барьсан эсэргүүцэгчид Газын зурваст яг одоо гал зогсоохыг шаардан олны дундаас орилсон байна. Эсэргүүцэгчид Блинкенийг үг хэлэхийг хүлээж байгаад нэг нэгээрээ босч хашгирсан бөгөөд үүнээс болж сонсголыг хэд хэдэн удаа зогсоожээ. Улмаар Капитолын цагдаа нар жагсагчдыг албадан гаргаж, 12 хүнийг Сенатын танхимд зөвшөөрөлгүйгээр жагсаал хийсэн хэргээр баривчилсан байна.
Сенатын сонсголд төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар үндэсний аюулгүй байдлын санхүүжилтэд зориулан 106 тэрбум ам.долларыг төсөвлөхийг хүсч буйгаа тайлбарлажээ. Энэхүү санхүүжилтэд Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэлийн эсрэг Израиль улсын цэргийн ажиллагаанд 14.3 тэрбум ам.долларыг тусгасан байна.
Энэ үеэр "CODEPINK" гэх дайныг эсэргүүцэгч бүлэглэлтэй холбоотой зарим хүмүүс Украинд зэвсэг илгээхийг зогсоохыг шаардан орилжээ.
Жо Байдены санаачилсан үндэсний аюулгүй байдлын багцыг дэмжихийг уриалан Блинкен, Остин нар лоббидсон байна. Уг багцад
- Украины батлан хамгаалахад зориулан 61,4 тэрбум ам.доллар
- Хүмүүнлэгийн тусламжийн зардалд 9,2 тэрбум ам.доллар
- Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын төлөө 2 тэрбум ам.доллар
- Өмнөд хилийн аюулгүй байдал, цагаачдын асуудалд зориулж 10.9 тэрбум ам.долларыг тусгажээ.
Үүний зэрэгцээ Төлөөлөгчдийн танхимын шинээр сонгогдсон дарга Майк Жонсон Израильд яаралтай тусламж үзүүлэхэд 14.3 тэрбум ам.долларын санхүүжилт илгээх хуулийн төсөл санаачилсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ