VS: Сагсан бөмбөг мэргэжлийн нэг лигтэй болно, болохгүй

VS

VS: Сагсан бөмбөг мэргэжлийн нэг лигтэй болно, болохгүй

Энэ долоо хоногийн VS буландаа Монголын сагсан бөмбөгт үүссэн нөхцөл байдлын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг энэ Баасан гаригт эхлэх бөгөөд үүнээс ердөө хоёр долоо хоногийн өмнө багийн эзэд, хөрөнгө оруулагчдын зүгээс найман шаардлагыг холбооны удирдлагад хүргүүлсэн. Тус шаардлагад лигийн тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогоос эзэд болон тамирчдын холбоонд хуваарилах, нүүрний эгнээнд таван суудал олгох зэрэг багтжээ. Харин холбооны зүгээс тэдний шаардлагыг хүлээн авах боломжгүйгээ илэрхийлж, лигт оролцох эсэх нь тэдний эрхийн асуудал гэсэн юм. Гэтэл эзэд тусдаа лиг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж, байдлыг улам хүндрүүлсэн. Холбоо ч тэднийг нөхөх хөгжлийн лигийн таван багтай гэрээ байгуулж, дэвшүүлэв. Үүний дараа тамирчдын "Ирээдүй" холбоо эрх, ашгаа хамгаалах ажлыг эхлүүлж, хоёр талыг зөвшилцөхийг хүссэн билээ. 

Сагсан бөмбөгийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо

Монголын Сагсан бөмбөгиийн дээд лигийн багууд олон жилийн турш сагсан бөмбөгт хайртай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн дэмжлэгээр өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн.

Монголд хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон хүүхэд, залуучуудыг дурлуулж чадсан спорт нь сагсан бөмбөг яахын аргагүй мөн. Иймээс энэхүү спортын хөгжлийн төлөө, үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй, тогтвортой байлгах, цаашлаад Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийн түвшинд гаргахын тулд багийн эзэд болон клубуудын зүгээс нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг зарцуулсаар байгаа билээ.

Үүний нэг жишээ нь багууд тамирчдаа гадаад улсуудад бэлтгэл сургуулилтанд хамруулж, сагсан бөмбөгийн хөгжил өндөр түвшинд хүрсэн орнууд болох Серби, Грек, Латви, Словени, БНСУ, АНУ-аас мэргэжлийн дасгалжуулагчид болон лигеонер тамирчдыг урин авчирч байгаа нь Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийг хурдасгаж, тамирчдын ур чадвар ахиж, үзэгч фанатуудыг спортдоо ихээр татан дурлуулж байна.

Дээд лигийн багуудын чансаа сайжирч, гадаад дасгалжуулагчид, тамирчдын цалин, урсгал зардлууд, хангамжууд гэх зэргээр тогтохгүй зардлууд сүүлийн жилүүдэд огцом өсч, багуудын нэг улиралд зарцуулдаг төсөв эрс нэмэгдэж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах, сагсан бөмбөгт урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд эрсдэл учирч байгаа нөхцөл байдал үүссэн.

2023-2024 оны улиралд нэг багийн төсөв багадаа 1 тэрбум төгрөг, ихдээ 2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ зардал нь огт эргэн нөхөгдөхгүй байгаа нь цаашид дээд лигийн багууд оршин тогтнох үгүй нь тодорхойгүй байдалд хүргэж байна.
Одоогийн байдлаар Дээд Лигийн тоглолтын тасалбар борлуулалтын орлогыг МСБХолбоо 30%, Лиг зохион байгуулж байгаа "UG arena" 70%- ийг тус тус хуваан авч байгаа бөгөөд Лигийн зохион байгуулалтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж, хамгийн их зардлыг гаргаж байгаа багууд, тамирчдад огт хуваарилдаггүй байдал нь шударга бус гэж үзэж байна.
Бид өнгөрөгч 2022-2023 оны улиралд дээрх асуудлын тухай хүсэлт, шаардлагуудыг хүргүүлж байсан боловч МСБХолбоо болон "UG Arena"- гаас ямар нэг шийдвэр гаргалгүй улирал дууссан.

Иймд Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд Хөрөнгө Оруулагчдын Холбооны зүгээс доорх шаардлагуудыг хүргүүлж байна:

1. Дээд Лигт тоглох нийт баг 8 болж багассантай холбоотойгоор 2023-2024 оны улирлын тоглолтыг 3 тойрогтой болгох

2. 2023-2024 оны Дээд Лигийн улирлын борлуулалтын орлогын /тасалбар борлуулалт, спонсорын орлого, үйлчилгээний орлого болон бусад/ 25%- ийг Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд Хөрөнгө Оруулагчдын Холбоонд хуваарилах

3. Мөн дээрх орлогын 5%- ийг Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын "Ирээдүй" Холбоонд хуваарилах

4. Телевизийн шууд дамжуулалтын дундуур багуудад өөрсдийгөө сурталчлах эсвэл спонсор байгууллагын сурталчилгааг гаргах цаг, эрх олгох

5. Лигийн тоглолтын хуваарийг багийн ерөнхий менежерүүдтэй зөвшилцөж гаргах. 2023 оны 12-р сар болон 2024 оны 2-р саруудад олон хоногийн амралт, тоглолтгүй өдрүүдийг тоглолттой болгох

6. Галын аюулгүй байдал болон үзэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах

7. Лигийн багуудад олгогдсон мандатын тоог 35 болгох. Үүнд тамирчид, дасгалжуулагчид, эмч, менежэр болон арын албаны хүмүүс багтсан байх.

8. Тухайн өдрийн тоглолттой багуудад 5 ширхэг нүүрний эгнээний суудлуудыг давхардуулахгүйгээр хуваарилах.

Дээрх шаардлагын хариуг 2023 оны 10 дугаар сарын 25-ны дотор өгөхийг хүсье. Эдгээр шаардлагуудыг хүлээн авах боломжгүй тохиолдолд багууд дараагийн арга хэмжээнд орох, цаашлаад МСБХ-ны зохион байгуулж буй тэмцээнд оролцох боломжгүй болохийг үүгээр мэдэгдэж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбоо

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ мечтэй зэрэгцэн үүссэн нөхц байдалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэн, сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигч, оролцогч бүх талуудад дараах тайлбар, мэдэгдлийг хүргэж байна.

Харилцан баталгаажуулсан байсан гэрээний хүрээнд огт тусгагдаагүй зүйлсийг тулган шаардсан, хүлээн авах боломжгүй тохиолдолд МСБХ-ны зохион байгуулж буй тэмцээнд оролцохгүй болохоо зарим багийн эздийн төлөөлөл илэрхийлж, энэхүү албан бичгээ нийтийн цахим сүлжээнд байршуулсан.

МСБХ-ны зүгээс 2023 оны 10-р сарын 23-ны өдөр албан бичгээр тодорхой хариуг хүргүүлэхийн зэрэгцээ гэрээ байгуулаад байсан эмэгтэй 6, эрэгтэй 8 баг тус бүрт Лигт оролцох эсэхээ баталгаажуулах албан хүсэлтийг хүргүүлсэн. Заасан хугацаанд эмэгтэй 6, эрэгтэй 3 баг Лигт оролцохоо баталгаажуулсан. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан МСБХ-ны зүгээс оролцох хүсэлтээ илэрхийлсэн М. Хөгжлийн Лигийн багуудаас явцын амжилтын эрэмбийг харгалзан эрэгтэй 5 багтай холбогдох гэрээг 2023 оны 10-р сарын 26-ны өдөр харилцан баталгаажуулсан. Ингэснээр эмэгтэй 6, эрэгтэй 8 багийн оролцоог хангаж, Лиг товлосон хугацаандаа зохион байгуулагдах нөхцөл бүрдлээ. Тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

-2023 оны 12-р сарын 01-ний өдөрт багтаж, 8 хүртэлх тамирчны нэрийг солих, нэмэх хэлбэрээр Монгол улсын иргэн нийт 12 тамирчны нэрийг Лигийн багийн мэдүүлэгт тусгах боломжийг нээсэн

-МСБХ-ны хувьд тасалбарын борлуулалтын орлогыг сагсан бөмбөгийн хөгжилд оруулах үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувь нэмэр хэмээн үзэж, энэхүү орлогыг ямар нэг хувь хүн, этгээд завшдаг байсан бусармаг явдлыг халсан

-МСБХ нь Лигийн санхүүжилтийг ивээн тэтгэгчдийн хандив, тасалбар борлуулалтын өөрт ногдох орлогоос бүрдүүлэн ажилладаг. Үүнээс нийт 210 сая төгрөгийг Лигт оролцсон эмэгтэй, эрэгтэй баг тус бүрт хувь тэнцүүлэн олгохоор журамласан, мон 1.2 тэрбум төгрөгийг шагналын санд төвлөрүүлж, тухайн улиралд багуудын гаргасан амжилттай нь уялдуулан олгодог. Харин багууд шагналынхаа 50%-нас доошгүй хувийг дасгалжуулагч, тамирчдад урамшуулал хэлбэрээр олгох үүрэг хүлээдэг.

-Мөн МСБХ нь Лигийн тасалбар борлуулалтаас өөрт ногдох бух орлогыг Монгол улсын иргэн эмэгтэй, эрэгтэй Лигийн тамирчин бүрт тухайн улирлын албан ёсны статистик бүртгэлийн дагуу Лигийн тоглолтын талбай дээр өнгөрүүлсэн нийт хугацаанд хувилан эмэгтэй, эрэгтэй тамирчин тус бүрт шууд олгохоор шийдвэрлэлээ.

МСБХ нь аливаа хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хотлогдож, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийцүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирсон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Менежментээээ гэж 2023-11-01 203.98.76.4

Genco Баттулга Монголын Жүдо бөхийг Дэлхийд гаргаж Чадсан. Харин Сагсан Бөмбөгийн холбоог авсан Хувийн Компаниуд Сагсан ба Хөл бөмбөгөө Дэлхийд гаргаж чадах боловуу ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж