Хууль зүйн сайд Б.Энхбаярт нүүрсний сонсголыг зохион байгуулж ард иргэдэд тайлагнах үүрэг оногдсон. Хөгжлийн банкны сонсголд “улсын яллагчийн” үүргийг гүйцэтгэсэн тэрбээр энэ удаад Хууль зүйн сайдын ажлаа чөлөөт цагаараа хийж, нүүрсний сонсголд гол анхаарлаа хандуулна гэв. Өнгөрөгч хавраас хойш яригдсан нүүрсний сонсголыг явуулахыг олон нийт шахаж бас шаардаж байгаа.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 12 гишүүн нэр холбогдож, 40 их наядаар тоологдох тээвэр ложистик, оффтейк гэрээний хулгайн хэрэг түүхэнд байгаагүй. Ялангуяа нүүрсний гэх тодотголтой хэргийн шүүгдэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын шүүх хурал товлогдсон энэ цаг мөчид олон нийт шүүхийн танхимаас гадна төрийн ордонд хэн нь жинхэнэ хулгайч вэ гэдэгт өөрсдийнхөөрөө үнэлэлт дүгнэлт өгнө. Гагцхүү өнгөрөгч хавраас хойш гацсан нүүрсний сонсголын шинжээчид өчигдрийн хуралдаанаар тодорхой болж, хэлэлцэх асуудлын цар хүрээ, хэнийг гэрчээр дуудах уу гэдэг нь ирэх сарын сүүлчээр тодорхой болох юм билээ.
Тухайлбал, өчигдрийн түр хорооны хуралдаанаар “Нүүрсний хулгай”-г хянан шалгах УИХ-ын Түр хороо хуралдаж хянан шалгалтын ерөнхий төлөвлөгөөг батлан, шинээр долоон хянан шалгагч, шинжээчийг томилжээ.
Ингэснээр нийт 12 хянан шалгагч, шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн, урьдчилсан байдлаар хоёр үе шаттайгаар энэ ондоо багтаан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Иймд, он гарахаас өмнө нүүрсний хулгайн сонсголыг явуулах шинэ мэдээтэй байна.
Энэ талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Миний хувьд чөлөөт цагаараа Хууль зүйн сайд хийх байх. Арванэгдүгээр сард түр хороог гардаж, имэрч ажиллана. Ерөнхий сайдаас Хууль зүйн сайдад санал тавихад нүүрсний сонсголыг олон нийтэд иж бүрнээр нь шалгасан шиг шалгаж мэдээлэхийг үүрэг болгосон. Энэ хэрэгжилтийг хангаж онцгой анхаарч ажиллана” гэсэн юм.
Эргэн сануулбал, анх нүүрсний сонсголын түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Ингэхдээ, УИХ-ын Хянан шалгах түр хороо нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан сонсгол хийхээр өнгөрөгч дөрөвдүгээр сард тов тогтоосон байдаг. Гэвч мөрдөн байцаах ажиллагааны нууцыг хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газраас түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлт тавьсны дагуу хойшилсон. Түүнээс гадна хэд хэд хуралдсан ч үр дүнд хүрээгүй тул УИХ-ын даргын зүгээс Хууль зүйн сайд асан Х.Нямбаатараар ахлуулсан сонсголыг явуулах хянан шалгах түр хороог байгуулж, сонсголыг яаравчлахаар зүтгүүлсэн. Шинэ түр хороонд УИХ-ын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар нарын гишүүн багтдаг. Тэд Хөгжлийн банкны сонсгол шиг гэрчээс асуулт асуух эрхтэй.
Хөгжлийн банкны сонсголоор Б.Энхбаяр улсын яллагч шиг аашилсан бол энэ удаагийн сонсголоор намынхаа нөхдийг хаацайлах уу намнах уу гэдэг сонголт түүний өмнө байгаа. Гэхдээ хэн даргалахаас үл хамаараад оффтейк гэрээний цаана хэний эрх ашиг хөндөгдөх үү, хэний эрх ашиг шингэсэн бэ. Ам нөхцөлөөр хэн ямар давуу байдал олж авсан бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Тиймээс ч нүүрсний хулгайн хэргийг нийтээрээ мэдэхийг хүсч байгаа хэрэг.
Үнэн хэрэгтээ шүүхийн танхимаас Б.Ганхуягийн МАН-д хаягласан үгэнд эргэлзэх зүйлс зөндөө. “Тэд тамгатай, засагтайгаа үлдлээ” гэдэг үгний цаана жинхэнэ хулгайчийг баримттайгаар илчлэх нь энэ удаагийн сонсголын гол зорилго гэлтэй.
Холбоотой мэдээ