Түгжрэлтэй тэмцэх зохицуулалт улс төрөө даахгүй унах уу?

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Түгжрэлтэй тэмцэх зохицуулалт улс төрөө даахгүй унах уу?

Түгжрэлтэй тэмцэх зохицуулалт улс төрөө даахгүй унах уу?

“Түгжрэлээ шийд, Х.Нямбаатар аа” гэж шаардах хэрнээ шийдэл санал болгохоор эсэргүүцэгсэд олон болов. Улаанбаатар хотод өнөөдөр 1.7 сая иргэн амьдарч буй бол өдөр бүр 712 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Нийслэлийг анх төлөвлөхдөө автозамыг 80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой байхаар байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд 500 гаруй км замыг нэмж барьснаар нийслэлийн автозам 1040 км болж өргөжсөн.

Гэвч жил тутамд нийслэлд шинээр 47 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, хөдөлгөөнд оролцох болсон нь тодорхой зохицуулалт хийхээс аргагүй болгож буй юм. Иймээс Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Энэхүү төсөлд дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах, түгжрэлийг сааруулах зорилгоор метро байгуулах, төлбөртэй бүс тогтоох, автомашины дугаар олголтын хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан /НИТХ/-аар баталж байх зэрэг асуудлууд багтсан юм.  Эдгээрээс төлбөртэй бүс тогтоох асуудал хамгийн их эсэргүүцэлтэй тулж буй юм. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх автозамыг төлбөртэй бүс болгож болохоор заасан.

Төлбөртэй бүс тогтоох асуудлыг НИТХ-наар шийдвэрлэнэ. Ингэхдээ төлбөртэй бүсийн тариф нь 0-27000 төгрөг байж болохоор заасан.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарласнаар төлбөртэй бүсийн тарифыг 2000, 5000 төгрөгөөр ч тогтоох боломж бий. Гэхдээ төлбөртэй бүсийг тогтоохын өмнө нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчимд төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Тэнд автомашинаа тавиад алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлнэ. Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлөхөөр заагаад байна.

Олон нийтийн зүгээс “Хэн ч хаагуур ч автомашинтайгаа зорчих эрхтэй. Хааж боож болохгүй. Хэрвээ ийм зохицуулалт хийвэл тэмцэнэ” гэх агуулгатайгаар дайралт хийж эхлээд байна.

УИХ дахь МАН-ын бүлэг ч сонгуульд ялагдах том шалтгаан болох вий гэдгээс эмээж, хаяагаа манаж эхлэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төлбөртэй  бүсийн асуудлыг нэлээн сайн ярилцах ёстой.  Засгийн газар саналуудаа боловсруулж чиглэл өгөх ёстой гэж өмнөх бүлгийн хуралдаанаар үзсэн. Алийг нь дэмжих вэ,  дэмжихгүй вэ гэдгээ түгжрэлтэй нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн олон талаас нь ярилцах хэрэгтэй.  Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” гэдэг байр суурь илэрхийлээд буй юм.

Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Болж өгвөл хуулийн төслийг арваннэгдүгээр сардаа багтаан УИХ-аар батлуулах нь тодорхой ажлууд хийх боломж бололцоотой болгоно” гэдэг асуудлыг тавиад буй. Гэвч УИХ-д олонхийг бүрдүүлж буй МАН-ын гишүүдэд зургаан сарын дараа болох УИХ-ын сонгууль л чухал болохоос биш  Улаанбаатар хотын түгжрэл 100 дахь асуудал болж, хойш шидэгдэж мэдэхээр байна.

Уг нь эл төслийг Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Учир нь, түгжрэл бол нийслэлийнхний хамаг цагийг барсан, шүдний өвчин болоод удаж буй.

Жишээ татвал, Нисэх, Яармаг чиглэлийнхэн хотын төв рүү ажилдаа ирж, очиход 5 цагийг, Баянхошуу, Зүүн салаа, Шар хад орчмынхон 3-4 цагийг түгжрэлд өнгөрөөж буй юм.  Өглөө хичээл, ажил эхлэх, орой ажил, сургууль тарах бүрийд төв зам дагуух автомашины түгжрэл оргилдоо хүрдэг гэж хэлж болно.  Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлаас хүүгээ БНСУ руу үдэж мордуулсан эцэг, эх гэртээ харьж амжаагүй, Нисэх орчимд түгжрэл дунд явахад хүү нь хэзээний Инчоны нисэх онгоцны буудалд газардан, саадгүй хүрсэн тухай утсаар дуулгаж байна. БНСУ-руу гурван цаг гаруй нисээд хүрдэг.

Судалгаагаар Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг тогтоосон байдаг. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна ч гэж үзэх нь бий. Ирэх таван жилээр тооцвол 24.3 их наядын алдагдал хүлээх тооцоолол гарсан байдаг.

Улаанбаатар хотын хүн амыг бусад улс орнуудтай харьцуулахад нийслэлийн хувьд бага буюу 1.7 сая. Гэвч автозамынх нь даац бусад улс орнуудтай харьцуулахад ачаалал даах чадвар нь хэд дахин бага байгаа нь төлбөртэй бүс тогтоон, зохицуулалт хийхээс аргагүйд хүргэж байгааг холбогдох албаны хүмүүс ярьж буй. Жишээ татвал, Сингапур, Лондон, Стокхолм хотууд автомашины хөдөлгөөнийг сааруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоосон нь түгжрэлийг 30 орчим хувиар бууруулсан байдаг. Улаанбаатар хотын хувьд ч эл зохицуулалтыг хэрэглэх нь түгжрэлийг 30 орчим хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа гарч, хуулийн төслийг боловсруулсан. Гэвч судалгаанд хөтлөгдөх бус сошиал даган намирах дуртай улс төрийг дааж, дээрх зохицуулалт дэмжлэг авч чадах эсэх нь УИХ-д сууж буй олонхийн бүлгээс шалтгаалах болоод байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж