Дундговийнхон ”усны доктор” засаг даргатай болов

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Дундговийнхон ”усны доктор” засаг даргатай болов

МАХН-ын Удирдах зөвлөл өн­гөр­сөн долоо хоногт хуралдаж Дунд­говь аймгийн Засаг дарга Ш.Төр­батыг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан үүргээс нь чөлөөлж, оронд нь Д.Чандманий нэрийг дэвшүүлэх саналаа тус аймгийн ИТХ болон на­мын хороонд хүргүүлсэн. Дунд­говь аймгийн ИТХ өчигдөр хурал­даж Дамбабазарын Чандмань нийт төлөөлөгчдийн 91.6 хувийн сана­лаар Засаг даргаар сонгогдов. Уг хурлын өмнөх өдөр  МАХН-ын Удир­дах зөвлөлийг төлөөлж НХХ-ийн сайд Т.Ганди тус аймгийн на­мын хорооны хуралд оролцон “Чанд­маниа дэмжих”-ийг уриалсан бай­на. Түүнийг МАХН-ын Удирдах зөв­лөл хэмээн хүлээн авсан гишүүд ч үг дуугүй дэмжихээр болжээ. Гэвч намаасаа УИХ-д сонгогдсон хоёр гишүүнийхээ дуу хоолойг сон­­сохсон, ямар бодолтой байгаа бол хэмээн тал засагчид төдийлөн баттай бус байр суурьтай байсан аж.

Учир нь Д.Чандмань Р.Рашийн ч, Х.Наранхүүгийн ч дотно хүн биш. Харин хаа очиж талийгаач Ж.На­ранцацралттай чамгүй дотно бай­сан нь нэг салбарт ижил төс­тэй мэргэжлээр мөр зэрэгцэн ажил­­лаж байсан, нэгэн үеийнхэн гэд­­гээс улбаатай болов уу. ОХУ-д Усны хүрээлэнд суралцаж төгссөн тэр­бээр өмнөх Засгийн газрын үед Ус­ны хэрэг эрхлэх газрын даргаар ажил­лаж байсан. Мэргэжилтэйгээ утга хорш­сон содон нэртэй  түүнийг улс­төрч гэж хэлэх аргагүй УИХ-ын 2008 оны үеэр ч МАХН-ыг бус ҮШН-ын нэр дэвшигчийг хуучин танилын ёсоор сэм дэмжиж байсан гэлцдэг юм билээ.

Өрсөлдөгчгүй нэр дэвшигчийн асуудал хэрхэн шийдэгдэх нь бараг тодорхой байсан ч ИТХ-аар түүний өмнө 2009 оны төсвийг хэлэлцсэн нь хуралдааныг нэлээд ширүүн уур амьсгалтай болгосон байна. Энэ нь магадгүй, Засаг даргад нэр дэвшүүлэх боломжгүйгээ мэдэрсэн АН-ынхны бухимдлын нэгэн илрэл байсан болов уу. Дундговь аймгийн ИТХ-ын 25 гишүүний 17 нь МАХН-ынх, тав нь АН-ынх, үлдсэн хоёр нь бие даагч. Тиймээс АН-ынхан хэн нэгнийг санал болгоод ямар ч нэмэргүй хэмээн үзэж байв.
 
Шинээр томилогдсон Засаг дар­гын хувьд Усны бодлогын хүрээ­лэн­гийн захирлаар ажиллахаасаа өмнө багшаар ажиллаж байсан, ер нь тэгтлээ улстөржөөд байдаггүй, но­мын хүн аж. Түүнчлэн говьд “Ус­ны доктор” Засаг даргатай байх нь харин ч олзуурхууштай гэсэн гүн­дүүгүй байр сууринаас тун таатай хүлээн авч байна.

Сайхан-Овоо сумын уугуул тэр­бээр Өвөрхангай аймагт нэлээд хуга­цаанд амьдарч байснаас үүдэн тэгтлээ “тоогддоггүй” байсан ч гэх хүн цөөнгүй байна. Харин яагаад МАХН-ын удирдлага түүнийг санал болгов гэдгийн тухайд төрийн албаа нэр төртэй сайн хашсан, нэр цэвэр гэх зэргээс улбаалсан болохоос улстөрчдийн халаасанд орж гүйгээд байхаар шуналтай, амбицтай хүн биш. Тий­мээс нэр цэвэр боловсон хүч­нээ илгээснээр ирэх сонгуульд нэг тойр­гийн ялалтад санаа зовоо­хоор­гүй бол­но гэж үзсэн байх магадлалтай. 

Тус аймгийн ИТХ дахь МАХН-ын ноёрхол ирэх сонгуулиудад ч амь бөхтэй байх бөгөөд энэ нь Дунд­говийг улаан тойрог хэмээг­дэхэд хүргэж байгаа талаар АН-ынхан бухимдалтай явдаг. Тэр ч байтугай МАХН-ынхан дотроо ч АН-ынхантай хүч хавсарч Засаг дарга Ш.Төрбатыг огцруулах та­лаар нэг бус удаа хөдөлгөөн өр­нүүлж байсан билээ. Учир нь Засаг дар­га асан Ш.Төрбат нутагт нь зуд турхантай бай­дал хүнд байхад гадаадад зугаалж явсан, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь  ураны ордтой холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэх зэрэг ард олны дургүйцлийг төрүүлсэн олон асуудал хуримтлагдсан бай­даг. Тиймээс Ш.Төрбат дарга огц­рох магадлал өндөр байв. Уг асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэл­цэхэд  бэлэн бо­лоод байтал МАХН-ын Удирдах зөвлөлийн ги­шүүн Ц.Сүхбаатар Улаан­баата­раас Дунд­­говьд очиж эвлэрүүлээд буцсан би­лээ. Хэдийгээр эвлэрсэн нь сайн хэрэг боловч МАХН дахь ивээн тэтгэгчдэдээ найдан хариуцлагаас бултаж сурсан нь Засаг даргын хувьд олон удаа давтагдсан. Энэ  талаар аймгийн МАХН-ын  нэгэн гишүүн ярихдаа “Орон нутагт хөгжиж ядаж буй ардчиллыг нийслэлээс очсон элч төлөөлөгч нь ийнхүү  нухчин дараад байвал намын их, бага хурлууд дээр “ардчилал, шударга ёс, шинэчлэлт” гэж мянгантаа хаш­гираад яах билээ гэсэн юм. Тиймээс Засаг дарга Ш.Төрбатын эрүүл мэн­дийн шалтгаанаар ажлаас чөлөө­лөгдөх хүсэлтийг хүндэтгэн үзэх нь зүйтэй боловч цаанаа яах аргагүй улс төр, намын нэр хүнд, бодлогын асуудалтай холбоотойг үгүйсгэх аргагүй билээ.

Ер нь Дорнод аймгийн Засаг дар­­га Ц.Жанлавын асуудлыг цэг­цэлж авах талаар МАХН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж тохир­чээ. Үнэндээ “Гарман дээр морио соль­доггүй” гэх хууччуудын үгийг бод­сон ч тэр, сонгууль дөхөх тусам халаа сэлгээ хийх нь ялалтад хал­гаатай байж мэдэх юм. Ямартай ч намуудын дотоод хямралтай зэрэг­цэн орон нутгийн удирдлагууд хямарч мэдэхээр байна.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж