“Нээлттэй нийгэм форум”-ын дэргэдэх төсвийн зөвлөл УИХ-аар хэлэлцэж буй ирэх 2024 оны төсвийн төсөлд санал, дүгнэлт өгчээ. Тэдний зүгээс олон улсын нөхцөл байдлыг төсвийн төсөлд тусгаагүй. Төсвийн орлогыг үндэслэлгүй хэт өөдрөг төсөөлсөн гэж дүгнэсэн байна. Орлого хэт өөдрөг хөөсөрсөн учраас зарлагад тулгарах эрсдэлийг тооцоолоогүй. Тиймээс эрсдэлээс гарах үр нөлөө, авах арга хэмжээ ямар байх талаар илүү үндэслэл бүхий тайлбар тооцооллыг танилцуулгад оруулах шаардлагатай аж. Тус форумаас гаргасан санал, дүгнэлтийг тоймлон хүргэе.
- Олон улсад өрнөж буй өнөөгийн мөргөлдөөн, зөрчил, хямрал бүхий нөхцөл байдал нь дэлхий даяар эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тасалдал зэрэг нийтлэг эрсдэл үүсгэж байна. Монгол Улс импортын бараа, бүтээгдэхүүн, түлш шатахуунаас хамаарал өндөртэй байдаг тул олон улсын нөхцөл байдал эдийн засагт шууд нөлөөлдөг.
- Олон улсын валютын сангийн 2024 оны эдийн засгийн төлөвт “Дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.5 хувиас 2023 онд 3 хувь, 2024 онд 2.9 хувь болж удааширч, түүхэн 2000-2019 онуудын дунджаас 3.8 хувиар доогуур байхаар байна” гэж зураглажээ.
- Зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” агентлаг “Хятадын эдийн засгийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр 2024 оны дэлхийн өсөлтийн төлөв муудаж байна” гэсэн бол Дэлхийн банк олон улсын эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх оноос бага байхаар төсөөлсөн. Эдгээр төсөөлөл гарснаас хойш Ойрх дорнодод шинэ мөргөлдөөн бий болсон. Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал эрчимжиж байгаа зэргээс үзэхэд Монголын гадаад нөхцөл 2024 онд сайнгүй байхаар байна.
- Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвийн төсөлд гадаад нөхцөл байдлыг нөлөөллийг ямар нэгэн байдлаар тусгаагүй. Түлш шатахууны тасалдал болон эрэлтээс шалтгаалах экспортын орлого буурах зэрэг эрсдэл төсөв хэрхэн нөлөөлөх талаар огт тусгаагүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах, нөхцөл байдлын хувилбарууд ямар байх талаар бодлого байхгүй.
- Олон улсын хямралт нөхцөл байдал, зөрчилдөөн даамжрах үед гарах олон тооны эрсдэл нь зөвхөн импортын бараа, бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй байх талтай. Тиймээс төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа нүүрсний экспортын хэмжээг 2024 онд 60 сая тонноор төсөөлсөн нь үндэслэлгүй, хэт өөдрөг.
- Энэ төсөөллөөр төсвийн зарлагаа өсгөсөн нь гадаад эрсдэл үүсэх үед төсөв болон эдийн засагт олон тооны хүндрэл бий болох нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтөд гадаад эрсдэлээс хамаарах нөлөөллийг нь тооцож хамгийн муу, дунд зэрэг, хамгийн боломжит гэсэн хувилбаруудаар хийх нь илүү бодиттой шийд гаргахад тулгуур болох юм.
- Засгийн газар, Монголбанк, төрийн өмчийн санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагуудын гадаад өрийг хамруулснаар төрийн нийт гадаад өрийн хэмжээ 2021 оны байдлаар 17.1 тэрбум ам.долларт хүрснийг судлаачид тодорхойлж тооцсон. Энэ нь тухайн оны ДНБ-ий 112 хувьд хүрч байгаа. Гадаад өр төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон 60 хувийн босгоос давсан бөгөөд төрийн хариуцах дотоодын өрийг нэмж тооцвол энэ харьцаа улам муудах нь тодорхой.
- Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд өртөж, дефолт зарласан зарим орнуудын нөхцөл байдлаас Монгол Улсын одоогийн гадаад өрийн нөхцөл илүү муу, эрсдэл өндөртэй гэж судалгаа харуулсан байна. Төр хариуцах өрийн хамрах хүрээг зөвхөн Засгийн газрын өрөөр хязгаарласнаар өрийн удирдлага болон төсөв хоорондын харьцаа хамаарал бодит бус болсон. Засгийн газар өөрийн зарлагын хэрэгцээнд тааруулан өр өсгөх бололцоо бий болж, гадаад өрийн дарамтад өртөх, дефолт зарлах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Засгийн газар 2024 орны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа улс төрийн амлалт санхүүжүүлэх, шинэ бүтээн байгуулалтын шав тавих зэрэг богино хугацааны зорилгын хүрээнд төсвийг ашиглах эрсдэл өндөр байгаа гэж үзэж байна.
- Монгол Улсад төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь бараг хэвшил болон хувирсан. Өөдрөг төсөөллийн гол шалтгаан нь зарлагын өсөлтийг санхүүжүүлэх хоосон эх үүсвэрийг төсвийн орлогоо өсгөж бий болгох явдал. Нөгөө талаар төсвийн орлого, тэнцлийг батлуулах бус төсвийн зарлагыг хуульчлан баталгаажуулах сонирхолтой холбоотой.
- Төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлөхдөө төсвийн нийт, орлогын тусламжийн 30 орчим хувийг эзэлдэг уул уурхайн салбарын орлогоор шалтгалдаг. Гэтэл энэ салбар нь манайхаас хамаарахгүй гадаад эрсдэл ихтэй, үнийн хэлбэлзэл өндөртэй зэрэг олон сул талуудтай. Ийм өөдрөг төсөөлөл 2024 оны төсвийн төлөвлөлт дээр давтагдаж дээр дурдсанчлан дэлхий нийтээр эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байхад манай эдийн засаг 7 хувь хүртэл өсөхөөр төсөөлөгдсөн нь хэт өөдрөг болсон гэж үзэж байна.
- Төсвийн өөдрөг төсөөлөл нь дараах эрсдэлт үр дагаврыг үүсгэж байна. Тухайлбал, төсөв тогтмол алдагдал өндөр байгаа нь эдийн засгийн төсвөөс хамаарсан, эмзэг бүтцийг бий болгож байна.
- Төсвийн байнгын тэлэлт бий болгосноор инфляцыг өсгөдөг. Төсвийн зарлага өссөнөөр мөнгөний нийлүүлэлт сангийн бодлогоор дамжин төв банкны хяналтаас гадуур өсөж улмаар инфляцыг хөөрөгдөх гол хүчин зүйл болж байна.
- Иймд инфляцыг тогтворжуулах нь Төвбанкны үүрэг тул цаашид төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, тодотгол зэрэгт Засгийн газар инфляцын түвшнийг өөрсдөө төсөөлөх бус Монголбанкны төсөөллийг ашиглах практикийг нэвтрүүлэх нь зохистой гэж үзэж байна.
Холбоотой мэдээ