Сурвалжлага: ШТС-ууд бензин зарахгүй, жолооч нар дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: ШТС-ууд бензин зарахгүй, жолооч нар дугаарлаж байна

Сурвалжлага: ШТС-ууд бензин зарахгүй, жолооч нар дугаарлаж байна
Н.Ганзоригийн гэр бүл Увс аймгаас өчигдөр /2023.10.31/ Улаанбаатар хотыг зорин иржээ. Тэд нийт 1000 гаруй километр замыг туулах замд орон нутагт шатахуун олдохгүй, хүндхэн явж ирсэн тухайгаа ярилаа. Тэрбээр "Арайхийн Архангай аймгийн Хотонт сумаас шатахуунтай залгаж, хотод ирэхэд бас л шатахуун олдсонгүй. Зарим шатахуун түгээх станц нь "АИ-92 бензин зарахгүй" гэх бичиг наасан байна. Шатахуун зарж байгаа нь оочер дугаар ихтэй. Одоо шатахуун өгөх хэмжээнд нь хүлээж байгаад худалдаж авна" гэв.
Түүний өмнө 5-6 машин шатахуун авахаар дугаарлан зогсоно. Түгээгч нь хоёр машиныг зэрэг шатахуунаар дүүргэж, ачаалалтай ажиллаж байв.
Машины урт цуваанд дугаарлаж зогссон Н.Ганзориг хотод орж ирээд нэлээд хэдэн шатахуун түгээх станц орлоо. Зарим нь огт шатахуун зарахгүй байна. Сая Увс аймгаас ирэх замд шатахуун олдохгүй зогссон жолооч олон таарлаа. Иргэд бензин шатахуун хомсдсон талаар мэдээлэлгүй, их бухимдалтай байна. Увс аймагт гэхэд энгийн АИ-92 бензинийг 2850 төгрөгөөр зардаг. ОХУ-аас шатахуун импортолж авдаг мөртлөө ийм өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаад бухимдаж явдаг тухайгаа хэлж байсан юм. Түүнтэй адилхан шатахуун хайсан жолооч нар шатахуун түгээх станцад урт дараалал үүсгэж, бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа.
Баянбүрдийн тойргийн урд талд байрлах "Super-92" шатахуун түгээх станцаас бензин худалдаж авахаар зам дагуу машины урт дараалал үүсчээ. Дөрвөн эгнээнд 5-10 машин дугаарлана. Өдрийн 14:00 цагийн орчимд 20-30 машин шатахуунд худалдаж авахаар зогсч байв. Жолооч нарын ихэнх нь бензин шатахуун хомсдсон шалтгааныг нь сайн мэдэхгүй байна гэдэг хариултыг өгсөн юм. Жолооч Б.Ариунмөрөн "Гадуур бензин шатахуун ховордсон юм болов уу. Өчигдрөөс ШТС-ууд ачаалал ихтэй, жолооч нар дугаарлаж байна. Зарим колонк хязгаартай шатахуун зарж байна. Би сая хоёр колонк ороход шатахуун зарахгүй байна. Шалтгааныг нь түгээгчээс асуухаар "Шатахуун цаанаасаа ирэхгүй байна" гэдэг хариулт өгч байна. Эсвэл аж ахуйн нэгжүүд шатахуунаа нөөцлөөд зарахгүй байгаа юм болов уу" гэлээ.
Харин шатахуун түгээх станцын түгээгч нь "Ачаалал эрс нэмэгдсэн. Шатахуун хомсдсон шалтгааныг нь хэлж мэдэхгүй. Манайх АИ-92 шатахууныг хэвийн зарж байгаа. Жолооч нар их бухимдалтай байна" гэж мэдээлэл өгөхөөс татгалзав.
"Хангай" хотхоны баруун талд байрлах "Сод Монгол" шатахуун түгээх станцын гадна мөн л урт дараалал үүсчээ. Тэнд АИ-92 шатахуун хайсан олон жолооч машинтайгаа дугаарлаж, бухимдалтай байгаагаа хэлж байв. Жолооч Б.Тэмүүжин "Би сая хоёр ч ШТС-аар орлоо. Шатахуун огт зарахгүй байна. Шатахуун зарж байгаа шатахуун түгээх станц нь оочер дугаар ихтэй. Одоо дөрвөн машины дараа шатахуунаа авахаар дугаарлаж байна. Энд ирээд 20 минут боллоо. Оройн цагаар бензин бүр олдохгүй байгаа" гэсэн юм.
ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА ГЭВ

Энэ асуудалд хариулт өгөх албан тушаалтан, мэргэжилтэн ч алга. Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны нөөц хэвийн байна гэдэг мэдээллийг өгөв. Статистик мэдээллээр 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй гэж албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ.

Мөн улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.

Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй гэжээ. Үүнээс гадна нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас ес, аравдугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг аравдугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш тус тус ирж ирсэн.

Энэ нь АИ-92 бензиний хувьд найм хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц гэсэн байна.

АМГТГ: ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭСЭН 511 ВАГОНЫГ ШУУРХАЙ ТАТАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсч байна. Шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна. ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн юм.

ДАРГА, САЙД НАРЫН АМ АЖИЛ ЗӨРӨВ

Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хурал есдүгээр сард /2023.09.25/ Төрийн ордонд болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ "ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаарх яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон" гэдгийг тодотгож байсан удаатай.

Гэвч бодит амьдрал дээр шатахууны асуудал шийдэгдсэнгүй.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар /2023.10.09/ "Mining week-2023" чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "ОХУ-ын засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. ОХУ-ын Володин дарга Монголд ирэхэд нь АИ-92 бензиний хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн" гэдэг тайлбарыг хийж байлаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж