Нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороо /2023.10.31/ хаалттай хуралдлаа. Хуралдаанаар шинжээч томилох, хэлэлцэх асуудлын цар хүрээний талаар хэлэлцлээ. Ирцийн тухайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, О.Цогтгэрэл нар оролцов. Гишүүдээс сонсголын тов, цар хүрээ, шинжээчийн хараат бус байдлын талаар асуулт тавилаа. Энэ үеэр тус түр хорооны дарга Б.Энхбаяр “Хянан шалгах шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана. Хөгжлийн банкны сонсгол хийхэд түр хорооны гишүүдээс “тэр гишүүнийг ухаадхаач” гэх мэт нэг тойргийн гишүүдээ ухуулах гэсэн асуудал гарч байсан. Тиймээс улс төрийн зүй бус нөлөөллийг таслан зогсоож, шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана. Хянан шалгалтын тухай хуульд зааснаар долоо хоногийн өмнө сонсголын товыг зарлана.
Тов зарлахтай хамт ямар сэдвээр, ямар асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх үү, ямар хугацаатай байх уу, хэнийг гэрчээр дуудах уу гэдгийг яг долоо хоногийн өмнөх хурлаар шийднэ. Энэ үед О.Цогтгэрэл гишүүний хэлж буй шиг ерөнхий баримжаа гарсан байна. Энэ хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын сүүл болж таараад байна. Хэт богино хугацаанд шахаад бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг болмооргүй байна. Асуудлын цар хүрээ өргөн, хугацаа давчууг гишүүд, олон нийт ойлгох байх.
Миний хувьд чөлөөт цагаараа Хууль зүйн сайд хийх байх. Арванэгдүгээр сард түр хороог гардаж, имэрч ажиллана.
Нүүрсний асуудалд онцгой анхаарна. Ерөнхий сайдаас Хууль зүйн сайдад санал тавихад нүүрсний сонсголыг олон нийтэд иж бүрнээр нь шалгасан шиг шалгаж мэдээлэхийг үүрэг болгосон. Энэ хэрэгжилтийг хангаж онцгой анхаарч ажиллана” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Олон их наяд төгрөг хулгайлагдсан гэдэг нь ойлгомжтой. Хил, гааль нь яачихсан газар байдаг юм. Миний ажиллаж үзсэн нийтийн тээврийн салбарт зөндөө асуудал байдаг гэдгийг сая ойлголоо. Захаас нь ухвал хэчнээн олон этгээд оролцсон байдаг юм. Мөнгө нь хаашаа орчихсон байдаг юм. Тиймээс цөөнхийн саналыг сонсох ёстой” гэх байр суурийг илэрхийлэв.