Ираны нийслэл Тегеранд аравдугаар сарын 1-ний өдөр ёс журмын цагдаагийн халдлагад өртсөн 16 настай охин нас барсан хэрэг гарсан. Армита Гараванд охин олон хоног комд байсны эцэст нас барсныг Ираны хэвлэлүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлсэн билээ.
Охины оршуулах ёслол Ням гаригт болсон. Гэтэл оршуулгын ёслолд оролцсон хүний эрхийн хуульчийг Ираны эрх баригчид баривчилжээ. Тодруулбал, хуульч Насрин Сотудег хижаб өмсөх тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Ираны хэвлэлд мэдээлснээр Армита Гаравандын оршуулга дээр өөр хэд хэдэн хүнийг баривчилжээ.
60 настай Насрин Сотуде нь Ираны идэвхтнүүд, сөрөг хүчний улстөрчид, эмэгтэйчүүдийг өмгөөлж хамгаалдагаараа алдартай. Тэрбээр Армита Гаравандын үхлийг төрийн өөр нэг аллага гэж нэрлэжээ. Сотуде 2018 онд Ираны эрх баригчдын эсрэг хуйвалдаан, суртал ухуулга явуулсан хэргээр баривчлагдаж, 38 жилийн хорих ял, 148 удаа ташуурдуулах ял авч байсан. Гэхдээ түүнийг 2020 онд сулласан байдаг. Чухам ямар нөхцөлтэйгөөр сулласан нь тодорхойгүй.
Охины үхлийн талаар элдэв эргэлзээ таамаг үргэлжилсээр байна. Охиныг галт тэргэнд оруулсны дараа хэдхэн секундын дотор юу болсон нь тодорхойгүй байна. Ойролцоох машины камерт дүрс бичигдсэн боловч өмнүүр нь өөр хүний дүрс халхалжээ. Угтаа бол Тегераны метронууд ихэнх нь дотроо хяналтын камертай. Гэвч галт тэрэгний дотроос ямар ч дүрс бичлэг олдоогүй гэж Ираны төрийн телевизээр мэдээлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ