Хойд Солонгос улс саяхан Ангол, Уганда дахь дипломат төлөөлөгчийн газраа хаах шийдвэрт хүрсэн. Энэ нь олон улсын хориг арга хэмжээний улмаас тус улсын эдийн засаг улам доройтож буйн тод илрэл гэж үзэж байна. Түүнчлэн Хонгконг дахь консулын газраа ч бас хаахаар төлөвлөж байгааг өнгөрсөн долоо хоногт хэвлэлд мэдээлжээ.
Хойд Солонгосын дипломат төлөөлөгчийн газрууд эх орноосоо мөнгө авахын оронд хууль бус худалдаа, арилжааны үйл ажиллагаа явуулах замаар санхүүжилт босгож, улмаар Пёньян руу мөнгөн гуйвуулга илгээдэг гэж Өмнөд Солонгос руу дүрвэн гарсан Умардын дипломатч асан мэдэгдэв.
Тус улс 1975 онд анх Анголтой дипломат харилцаа тогтоож байв. Гэвч 1998 онд үл мэдэгдэх шалтгаанаар Элчин сайдын яамаа эргүүлэн татаад, хожим нь 2013 онд дахин нээсэн. Хоёр улс ерөнхийдөө ойр дотно харилцаатай бөгөөд Анголын ерөнхийлөгч асан Жозе Эдуардо дос Сантос Хойд Солонгост гурвантаа айлчилж байв. Анголд хойд солонгос ажилчид цөөнгүй байдаг. Гэвч тус улс 2017 онд Хойд Солонгосын "Mansudae Angola" барилгын компанитай байгуулсан бүх гэрээгээ цуцалж, ажилчдыг нутаг буцахыг хүсчээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэгдүгээр хорооны Баасан гаригийн хуралдааны үеэр Уганда, Ангол улсууд Хойд Солонгосыг зургаан удаа цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг дэмжсэн байна.
Энэ оны аравдугаар сарын байдлаар Хойд Солонгос нь 159 улстай дипломат харилцаатай байна. Мөн 47 элчин сайдын яам, гурван консулын газар, гурван төлөөлөгчийн газар гээд нийт 53 дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж байна. Хэрэв Ангол, Уганда, Хонгконг дахь төлөөлөгчийн газрууд хаагдвал энэ тоо 50 болж буурах юм.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ