УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох санал гаргасан. Уг саналыг “D өргөдөл”-д 100 гаруй мянган хүн дэмжсэн нь улс төрийн хүрээнд багагүй талцал, маргаан дагуулах болсон. Спикерийн гаргасан саналыг Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар эсэргүүцэж, спикерийг популизм хийлээ гэж буруутгах болсон юм.
Тухайлбал, Сангийн сайд "Энэ бол татварын тогтолцооны асуудал. Маш олон талын судалгаа хийх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг шууд 5 хувьд хүргэх боломжгүй. Хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг шаардлагатай. Буцаан олголтыг 5 хувь болгохын тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Нийлээд нэг их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн үг. 100 мянган иргэн дэмжсэн ч НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй" гэж тайлбарлаж буй. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өслөө. Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Аль ч улсын төсвийн орлого хэрэглээнд тулгуурладаг худалдааны татвар, Хүн амын орлогын албан татвар чухал байдаг. Улсынхаа төсвийг доголдуулах санаачлага гаргаж байгаагийн эсрэг байна. Юун популизм цаашаа шүү. Нүүрсний үнэ уналаа гэж бодоход төсвийн орлого багасна. Үлдсэнд нь өр тавьж явах юм уу. Хариуцлагатай байх ёстой. Олон хүнд таалагдсан шийдвэр гаргаж, улс орноо дампууруулах уу. Нөхцөл байдал хүнд болохоор яах вэ" гэж спикерийн санаачилгыг илтэд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл эдийн засагч Б.Лхагважав "Иргэд бүх татвараа төлчхөөд, дахиад үйлчилгээ авах гэхээр бас 10 хувийн татвар төлөөд байна шүү дээ. Дэндүү өндөр учраас буцаан олголтыг нь 5, тэр байтугай 7-8 хувь болгосон ч болно гэж би үзэж байгаа. Энэ бол иргэндээ хандсан хандлага. Иргэнийхээ тусламжтайгаар бид орлогоо бүртгээд авчихна. Тэгэхээр нэгдүгээрт, иргэн бол бүртгэлийн л ажил хийсэн учраас бага мөнгө төлөх ёстой. Хоёрдугаарт, НӨАТ-ын системийг ашиглаад, мөнгөний урсгалыг зохицуулж болно. Өөрөөр хэлбэл, хаана мөнгө эргэлдэж байна, тэр зах зээлийн сегментийг онцолж, урамшууллаа ахиухан өгөх замаар хар мөнгийг илрүүлдэг. Жишээ нь, орон сууцны зах зээл дээр 4-5 их наяд төгрөг эргэлдэж байна, зарим нь бүртгэлгүй байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл орон сууц худалдаж авсан тохиолдолд иргэн хүн НӨАТ-аа 100 хувь эргүүлэн авдаг байж болно. Тэгэх юм бол барилгын салбарын бүх мөнгөн гүйлгээ ил тод гараад ирнэ. Хоёрдугаарт, Улаанбаатарт бизнесийн 60-70 хувь нь төвлөрч байна гэх асуудал. Үүнийг задалъя гэвэл, Улаанбаатараас гадна НӨАТ-тай үйлчилгээ авбал, 70-80 хувиа буцааж авч болно гэх ч юм уу. Үүгээр дамжаад хөдөө орон нутагт байгаа бизнесийн мөнгөн урсгалууд ил тод болно гэсэн үг. Эдгээр нь зөвхөн иргэн талдаа хийж болох зохицуулалтууд" болохыг ч эрх баригчдад зөвлөж буй.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээр ярилцсан агаад УИХ-ын дарга Г.Занданшатарыг ганцаарчилсан улс төр хийлээ гэж Ерөнхий сайд битүү утгаар буруутгасан бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хандаж “хувь улс төр хийсэн улстөрчдөд цаашдаа хариуцлага тооцдог болох хэрэгтэй”-г анхааруулсан байна. Д.Амарбаясгалан энэ асуудлыг нам дээрээ ярилцахаа илэрхийлсэн гэх.
Ийнхүү НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналаас болж УИХ, Засгийн газар хоорондын зөрчил хурцдаж, Г.Занданшатар буланд шахагдсан бололтой. Тиймээс нэг бол Г.Занданшатар энэ саналаасаа татгалзах, үгүй бол хувь улс төр хийсэн гэж хариуцлага хүлээж магадгүй байна.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ