Сайжруулсан шахмал түлшний чанар жилээс жилд буурч, хотын утаа нэмэгдэх болсон гэдгийг иргэд хэлж буй. Харин холбогдох албаныхан нийслэлийн агаарын бохирдол хоёр дахин буурсан гэдэг хариултыг өгдөг. Харин зарим эх сурвалжийн хэлж байгаагаар сайжруулсан шахмал түлшинд өндөр химийн найрлага бүхий цавуулаг, шохойн чулуу ашигласан нь гэх байр суурийг илэрхийлж байна. Нийслэл хотын утаа нэмэгдэх болсон гол шалтгаан нь юу вэ. Энэ асуудалд холбогдох эх сурвалжийн байр суурийг хүргэж байна.
"Тавантолгой түлш" компанийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:
-"Тавантолгой түлш" компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн таван жилийн хугацаанд "Энержи ресурс” компанийн угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг ашигладаг. Энэ хугацаанд түүхий эдээ солиогүй ээ. Бид түүхий нүүрс түлж байхад ямар утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш түлээд ямар утаатай болсон гэдэг стандартын дүнгээс танилцуулъя. Багануурын нүүрс чийгийн агууламж 40 хувь, 45 хувийн дэгдэмхий бодис өндөртэй. Тэгвэл мидлинг түлшний чийг 10 хувь, дэгдэмхий бодис 22 хувьтай байгаа.
Утааны ялгарал хоёр дахин буурсан. Сайжруулсан шахмал түлшний хүхрийн агууламжийг барьцалдуулагчаар бууруулж байгаа.
Өнөөдөр иргэд утаа ихэсч байна гээд яриад байдаг. Гэтэл таван жилийн хугацаанд мэргэжлийн хүрээлэнгийн лабораториудад сард 1-2 удаа техник анализын шинжилгээг тогтмол хийлгэдэг. Итгэмжлэгдсэн лабораториудын дүнгээр стандартад нийцсэн түлш үйлдвэрлэж байгааг давхар нотолж байгаа.
“Баялаг эрдэнэ цом” компанийн захирал Л.Ганзориг:
-Манай компанийн газрыг 2018 оноос улсаас олгож, үйлдвэрээ барьж дууссан. Улаан буудайн хаягдлаас барьцалдуулагч гаргаж авдаг юм. Бид 2018-2021 он хүртэл сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, улаанбаатарчуудыг утаагүй өвөлжүүлсэн. Идэр есийн хүйтэнд бага зэргийн утаатай байлаа. Гэтэл одоо бид сааралтсан цагаан утаан дунд амьсгалж, амьдарч байна. Өнгөрсөн хоёр өвлийн хугацаанд эргээд утаатай хот болж хувирлаа. Сайжруулсан шахмал түлшний технологийг сайн баримтлах ёстой. Түүхий эд болох нүүрс болон барьцалдуулагчаа сайжруулах ёстой. Барьцалдуулагч бол шаталтад нөлөөлдөг чухал бүтээгдэхүүн байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд доломит болон шохойн чулуу, барилгын замаскны үйлдвэрийн түүхий эдээр барьцалдуулагч материал хийж, түүнд зориулсан тендер хүртэл зарлаж байна.
Сайжруулсан шахмал түлшийг барьцалдуулах материалын сонгон шалгаруулалт биш барилгын материалын тендер болоод байна.
Манай компанийн барьцалдуулагч материалыг Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газраас баталсан. Энэ төрлийн наалдамхай цардуулаар дэлхийн бүх улс шатаах хатуу биет түлш барьцалдуулах материалыг хийдэг. Өөр ямар ч зүйлээр хийдэггүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд цардуулыг химийн аргаар гаргаж авдаг. Хятад улс эрдэнэ шишээс гаргаж авсан цардуулаар Монголын нүүрсийг барьцалдуулахын тулд үйлдвэрлэхгүй. Хятад улс нь үйлдвэржилт хөгжсөн улс учраас эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан наалдамхай цардуулын хомсдолтой улс. Энэ наамдамхай цардуул нь бүх төрлийн хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн түүхий эд болдог учраас маш ховор байдаг. Ер нь Хятадад 920-3800 юань хүртэлх үнэтэй барьцалдуулагч бодис худалдаалдаг. Хамгийн үнэтэй нь цэвэр эрдэнэ шишийн цардуул болон Ветьнам цагаан төмснөөс гаргаж авсан цардуулаар хийсэн барьцалдуулагч материал байдаг. Бид 2019-2020 оны хооронд жил бүр 20 мянган тонн барьцалдуулагчийг 1.6-2.2 сая төгрөгөөр худалдан авч байсныг санаж байна. Тэрнээс хойшх хугацаанд ямар үнэтэй барьцалдуулагчийг ямар хэмжээтэй авч, хэрэглэж байгааг хэлж мэдэхгүй байна.
"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн:
-Бид өртөг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. Манай үйлдвэр 60 хувийн ашигтай ажиллаж байна. Яагаад суурилагдсан хүчин чадалдаа хүрч чадахгүй байна вэ гэхээр тоног төхөөрөмжүүдийн уялдаа муу, бүрэн автоматжуулж чадаагүй учраас ийм байдалтай байна. Өөрөөр хэлбэл, 600 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд 1.7 сая тонныг дахин дамжлагаараа дамжуулж нунтаг болгож байна. Тэгэхээр ТЭЗҮ-ээрээ анхнаасаа үйлдвэрээ барьж, тоног төхөөрөмжийн сонголтоо буруу сонгосон. Ядаж 80, 90 хувийн ашигтай ажилласнаар өртөг зардал буурна. Манай үйлдвэр өнөөдөр 3000 хүнтэй ажиллаж байна. Гэтэл БНХАУ-д яг ийм хүчин чадалтай үйлдвэрт 300 гаруй хүн ажиллаж байна.
Бид батлагдсан стандартын дотроо түлшээ үйлдвэрлэж байгаа. Олон улсын судалгааг тогтмол хийж байна.
Өнөөдөр ямар нэгэн хүнд хортой элемент илэрч, стандартаас давсан үзүүлэлт гараагүй. Багануурын нүүрс буюу хүрэн нүүрс түлж байх үеийн хүхэрлэг хий мидлинг дээр арай илүү байдаг. Хүрэн нүүрс түлдэг байсан бол одоо баяжуулах үйлдвэрээс гаргасан, угаасан завсарын бүтээгдэхүүнийг түлж байгаа. Манай үйлдвэрийн технологи маш энгийн. Долоохон шат дамжлагатай. Мидлингээ авч ирж шигшинэ. Нунтагаа барьцалдуулагчтай хольж, хатааж, савлалаа. Харахад маш энгийн боловч масс үйлдвэрлэл явуулахаар багахан алдаа гарахад маш их хэмжээний алдагдал болж хувирдаг.
Холбоотой мэдээ