Цэнхэр гаригийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах Баллон д’Ор буюу алтан бөмбөг ёслолын арга хэмжээ өчигдөр/2023.10.30/ боллоо. Энэ жилийн гол өрсөлдөөн дэлхийн аварга болсон Лионель Месси болон Европыг, Английг байлдан дагуулсан Эрлин Холанд нарын хооронд өрнөв. Ийнхүү алтан бөмбөгийн эзнээр Лионель Месси найм дахь удаагаа тодорчээ.
Тэрбээр АНУ-ын Мэйжор лигээс уг шагналыг хүртсэн анхны тамирчин болсон аж.
Өдгөө 36 настай аргентин эрийн хувьд замналынхаа сүүлийн жилүүдийг Европд бус Америкт өнгөрүүлэхийг илүүд үзэж, Дэвид Бекхэмийн хувь эзэмшдэг Интер Майамиг зорьсон билээ.
Мессигийн ард бичигдсэн Холандын хувьд тун гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Норвеги залуу өнгөрсөн улирал Манчестер Ситигийн хамтаар гурван том тэмцээнд түрүүлж, нийт 52 гоол оруулсан. Гэхдээ тэрбээр Парисаас хоосон буцсангүй. Герд Мюллерын нэрэмжит оны шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ.
Месси найм дахь алтан бөмбөгөө гардсаныхаа дараа "Би ийм замналыг туулна, эдгээр амжилтыг гаргана гэж төсөөлж байсангүй. Надад түүхэн дэх, дэлхийн хамгийн шилдэг багт тоглох аз завшаан тохиосон. Хувь тоглогчийн ийм шагналуудыг хүртсэн нь сайхан байна. Эхлээд Копа Америкад, дараа нь дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг гайхалтай. Алтан бөмбөг бүхэн минь өөр, өөр шалтгаантай учир онцгой. Эцэст нь би Марадонаг дурсмаар байна. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тиймээс би түүнийг энд шилдэг тамирчид, дасгалжуулагчид, түүн шиг хөлбөмбөгт хайртай хүмүүсээр хүрээлсэн газар дурсмаар байна. Диего, та хаана ч байсан төрсөн өдрийн мэнд хүргэе. Үүнийг танд зориулж байна" гэжээ.
Хөлбөмбөгийн түүхэнд Месси шиг найман удаа алтан бөмбөгийг хүртсэн тамирчин үгүй. Түүний хувьд анх 2009 онд хүртэж байсан бол түүнээс хойш 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 онуудад хүртэж байсан түүхтэй. Харин Мессигийн мөнхийн өрсөлдөгч Роналдо таван удаа, Мишель Платини, Йохан Кройфф, Марко ван Бастен нар тус бүр гурван удаа алтан бөмбөг хүртсэн.
Амар жимэр амьдрал сонгон нарлаг Майамиг зорьсон Месси шинэ багийнхаа ягаан өмсгөлтэй нийт 14 тоглолтод 11 гоол оруулж, лигүүдийн цомд түрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгвэл Европд өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа ПСЖ-ийн төлөө 41 тоглолтод 21 гоол оруулсан юм.
Мессигийн найм дахь алтан бөмбөг хүртэх гол шалтгаан нь мэдээж дэлхийн аваргын алтан цом. Месси Катарт болсон дэлхийн аваргад Аргентины шигшээ багаа ахлан оролцож, долоон гоол оруулан тэмцээний шилдэг тамирчнаар тодорсон. Хэсгийн эхний тоглолтоос финал хүртэл шилдэг тоглолтоо гарган 2014 оны алдаагаа зассан.
Месси энэ оны зургадугаар сард Хятадын "Titan Sports" хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Баллон д’Ор надад чухал гэж үү? Үгүй дээ, би ач холбогдол өгөхөө больсон. Би үргэлж хэлдэг. Хувь тоглогчийн шагнал надад чухал биш. Баг хамт олноороо хүртсэн шагнал илүү чухал. Одоогоор миний хувьд хамгийн чухал шагнал минь дэлхийн аварга. Надад бол хамгийн агуу шагнал" гэж байв. Мэдээж дэлхийн аваргад түрүүлж, дутуугаа дүүргэсэн долоон алтан бөмбөгтэй түүнд энэ шагнал сонирхол татахаа больсон биз.
Бусад шагналын эздийг танилцуулъя.
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин – Аитана Бонмати /Испани, Барселона/
Герд Мюллерын нэрэмжит шилдэг довтлогч – Эрлин Холанд /Норвеги, Манчестер Сити/
Копа шагналын эзэн – Жюд Беллинхем /Англи, Реал Мадрид/
Яшины нэрэмжит шилдэг хаалгачийн шагналын эзэн – Эми Мартинез /Аргентин, Астон Вилла/
Сократесын шагналын эзэн – Винисиус Жуниор /Бразил, Реал Мадрид/
Эрэгтэйчүүдийн шилдэг баг – Манчестер Сити
Холбоотой мэдээ