ШАШНААР МӨРГҮҮЛЭХҮЙ
2050 он хүртэл хэд нь үлдэхийг мэдэхгүй ч "Монголд алсын хараа"-гүй юм алга. Буруу номтнуудын хүртэл бурхны шашинд чинхүү шингэжээ. Богдоос гадна эрх баригчдын эзэмшиж чаддаггүй нэгэн суудал байдаг нь Гандантэгчилэн хийдийн хамба лам байв. Шашин сэргэснээс эхлээд заларч ирсэн Д.Чойжамц хамба албан тушаалаа өгөхөөр болжээ. Түүний хийсэн, бүтээсэн талаар бурхны шашинтнууд төдийгүй монголчууд ам сайтай байдаг. Тогтсон дэг жаяг, тодорхой зан үйлийн дагуу дараагийн залгамжлагчийг нь тодруулах ажил гандангийнхнын тайлбарласнаар болоогүй гэнэ. Гэвч "дараагийн хүн хэн бэ?" гэх асуулт монголчуудад нэн сонин. Залгамжлагчид горилогч нэг нэр монголчуудад тодорхой болсон бөгөөд өөр өөрсдийнхөө хүрээндээ түүнтэй танилцаж байна. Янз бүрийн магтуу, матаа бичих болжээ. Хамгийн сонирхолтой нь, хурал номонд ойр хүний яриагаар тэрхүү горилогч нь Сангийн сайдыг дааж авсан багш болой. Тодорхой болсон зүйл гэвэл тодрох хүмүүст улс төрийн оролцоо байх лавтайяа болов.
Бурхны шашинтнуудад буруу номтон болж явсан намчид нэг хэсэг сохроор шүтэж, элдэв газарт суварга босгон хулгайлсан, хүүдийлснээ цайруулдаг байсан бол өдгөө өөрсдийн нөлөөг тогтоох чин эрмэлзэлтэй болов.
СӨРСӨНИЙГ СӨХРҮҮЛЭХҮЙ
Ардчилсан хүчин хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гараад Ардын намыг бүлэггүй хэдэн сар гүйлгэж байв. З.Энхболд УИХ дарга байхдаа тэдний буруу, зөвийг байтугай үгээ хэлэхийг нь хүртэл хяхдаг байв. Эрх мэдэл ямар аймаар дарангуйлагчийг төрүүлдэг вэ гэдгийг зах зухыг З.Энхболд харуулсан. Харуулах харуулахдаа өөрийг нь оодруулах боломжийг олгосон эрх барьж буй намыг ч гудамжинд амны цаас шиг хаяж харуулсан. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар үгүй хийх дүгнэлтийг өөрийн тавьсан хүнээр нөлөөлүүлэн тэр гаргуулсан бөгөөд Үндсэн хуулийн Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан баримттайгаа хожим хараалгуулан үлдэв. Ардын нам З.Энхболдтонгуудыг зүхсээр засгийн эрхэнд гарсан бөгөөд үүндээ ашигласан бондын өрийг бонд гарган төлөх байдлаар улам их өрөнд оруулсан бөгөөд элдэв сангуудыг зүйрлэвээс Ардын журамт цэрэг Хятадын пүүсийг тонон дээрэмддэг шиг л зүйл болсон. Нам нийлж, сэм хуйвалдахдаа гаргууд тэд идсэн уусан, ичих нүүргүй хулгайчид гэж иргэд бухимдах тоолонд нэг нэр бодож олсон бөгөөд эхлээд М.Энхболдоо түлхэн унагаагаад эрх мэдлийн бялуугаагаа хуваарилж, төрийн албанд бишгүй халаа сэлгээ хийсэн гомдол нь одоог хүртэл тайлагдаагүй төдийгүй шүүхээр маргалдаж явна.
Ингээд шинэ дайсан, хойд хар овоохой хэрэгтэй болсон бөгөөд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нараас л болж ийм байдалд хүрлээ гэж ам ангайх тоолондоо хэлж явав. Дараагийн сонгуульд ийнхүү тэдний завшсаныг илрүүлж, завхарсныг зассан хүний дүрд тоглов. 2021 оноос хойш энэ нэрсэд нэгэн шинэ хүн орж ирсэн нь Женко Х.Баттулга. Мэдээж түүний хийсэн лай ланчиг их. Гэхдээ түүнтэй нийлж хулгайлсан нь МАН-ын өнөөгийн удирдлагууд өөрсдөө. Х.Баттулгын онцлог нь М.Энхболд шиг чимээгүй гомдоод өнгөрдөггүй, олны толгойг эргүүлж, хулгай луйвраар нь барьцаалан дотор нь хагаралдуулах өчнөөн нөхөр МАН-д бий. Тиймээс тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж бардам яваа.
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ…
…Тэр үед үнэнийг хүнд ойлгуулахад
Тэрсүү дайсныг дарахаас хэцүү байсан юм
Суртлын талаар цэргийг зэвсэглэх ажлыг
Суут Чойбалсан өөрөө хийж байсан юм… гэдэг шиг өнөөгийн нийгмийн уруудан доройтсон, өрсөлдөх чадваргүй, халамжийн тогтолцоо, хөдөлмөрийн хүчний хомсдол, түгжрэл, шийдэлгүй шийдвэр, данхар төр, туйлдсан аж ахуйн нэгжийг МАН өөрсдөө бий болгосон. Болгоод зогсохгүй түүнээс хамгийн их эрх ашиг олсон нь тэд. Харвард төгссөн хэр нь Хогварт төгссөн Харри Потер шиг Л.Оюун-Эрдэнэ монголчуудаас оноо авах гээд өөрөө хүнд даралтанд орчихлоо. МАН дотоод зөрчлөө ил гаргахгүйн тулд төсвийг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж, түүндээ татвар төлөгчдийн өгөх мөнгийг хайр, найргүй цацахаар шийдсэн бөгөөд ингэхдээ авах татвараа дутаахгүй байх талаар тусгажээ. Эрх баригчид өнгөрсөнд бусдад бурууг тохож, өөрсдөө хөрөнгөө зузаатгаж, өвчнөөр хүртэл далимдуулан улсын төсөвтэй тэнцэх мөнгө үрэн тарах хийсэн асуудал нь шил шилээ дагаад толгойны өвчин болов. Үүнийг эсрэг зогсох ганцхан хүчин бий нь тэдний дотор байгаа гомдогсод. Харамсалтай нь тэднийгээ аргалахаа тэд бас мэдэж буй. МАН-ын увайгүй үйлдлийг зогсооё гэвэл эхлээд хагаралдуулах хэрэгтэй.
Хонгор халиун морьтойгоо хойшоо хараад ганц нэгээр нь буудаж унагаадаг хуучны кинонд гардаг кадрыг нь өнөө цагт тэд үзүүлээд байна. Гэхдээ морьгүй. Зугтсан хүн хойшоо хараад гүйвэл урд байгаа чулуундаа бүдэрдэг нь бичигдээгүй хууль. Хэзээ болтол өнгөрсөнд бурууг чихэж, өөрсдийгөө өмгөөлсөн өрөвдөлтэй амьтдын аясаар амь зогоох вэ, та минь?
Холбоотой мэдээ