"НӨАТ-ыг шаталсан хувиар ногдуулж, үнийн өсөлтийг зохицуулах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

"НӨАТ-ыг шаталсан хувиар ногдуулж, үнийн өсөлтийг зохицуулах нь зөв"

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх санал 100 мянган хүний санал авч,  УИХ-аар хэлэлцүүлэх босго даваад буй. Гэвч одоогоор УИХ-ын даргын шийдвэр гараагүй байгаа бөгөөд журмаараа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаанд танилцуулж, холбогдох байнгын хороонд чиглэл өгч, тус байнгын хороо нь 14 хоногийн дотор хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах учиртай. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 болгохыг 100 гаруй мянган иргэн дэмжсэн ч Засгийн газрын зүгээс эсрэг байр суурьтай байгаа юм. Мөн эдийн засагчдын зүгээс ч байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл эдийн засаг Д.Амгалангийн байр суурийг хүргэе.


Эхлээд татварын тухай ойлголт хэлэх нь зөв. Татвар бол иргэн, аж ахуй нэгжийн орлого, эд хөрөнгө хэрэглээнд  тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээтэйгээр ногдуулж, улс орны төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийн сан шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ бол хэрэглээний татвар.

2024 оны төсвийн нийт орлогын 92.7 хувь нь 23.4 их наяд төгрөг татвараар орно гэж төлөвлөсөн. Үүнээс НӨАТ-аас орох орлого 25,6 хувь буюу  5.9 их наяд төгрөг. Тэгэхээр бид 5.9 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн хөндөх тухай асуудал яригдаж байна гэдгийг хаана хаанаа бодох, тооцох нь зөв. Тодруулбал,

  • Төсвийн орлого тасрах, үүнийг яаж нөхөх вэ гэдэг асуудал.
  • Өнөөдрийн, хүмүүсийн яриад байгаа шиг 5 хувийг  буцаан олгох тухайд  нэг сая төгрөг зарцуулж, үрж 50.000 төгрөгөө ав гэдэг санаа байгаа биз дээ, тиймээс  энэ нь үрэлгэн байхыг уриалсан, инфляцыг өдөөсөн зүйл болно.

МИНИЙ САНАЛ,

Хэрэв НӨАТ-д гар хүрэх гэж байгаа бол байршлаас хамаарсан шатлал бүхий аргыг судалж, тооцож, харах нь зөв. Миний харж буй өнцөг бол энэ.  Тодруулбал, зарим аймаг, орон нутагт 8 хувь, 6 хувь, 4 хувь, 2 хувь  гэх байдлаар шаталж болно. Энэ тоо бол зүгээр жишээ  Мэдээж тооцоо, судалгаа хэрэгтэйг анхаарах нь чухал.

Хамгийн гол нь,  НӨАТ ногдуулахдаа  шатлалтай болгосноор  бараа ажил үйлчилгээг аль болох хямд, үндсэн үнэ, хот суурины үнэд ойр байлгаж алслагдмал газар, хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүст илүү хямд үнэ өртгөөр хүргэх санаа.

Тэд харьцангуй хот суурины иргэдээс орлогын эх үүсвэр, төрлийн хувьд бага атал  илүү өндөр өртөгтэй бараа, ажил үйлчилгээ хэрэглэдэг байгаа юм. Мөн энэ нь орон нутгийг  дэмжих төр засгийн бодлоготой уялдаж буй хэрэг гэж харж байна.

Татварын арга бол эдийн засгийн харилцааг зохицуулах хөшүүрэг мөн.

Хоёрдугаарт: Өөрт нь үлдээх аргыг эрэлхийлэх орон зай бас бий шүү. Өнөөдрийн төсвийн замбараагүй тэлэлтийг харвал НӨАТ- ын хувь хэмжээг бууруулах байтугай бусад татварын хувьд ч мөн адил бага хуваарь ногдуулах шаардлагатай. Учир нь, олсны хэрээр тооцоо судалгаагүй үрдэг болсон нь  төгрөг үнэгүйдэж, инфляцыг өдөөж, ард иргэдийн амьдралыг доройтуулсаар, суурь эдийн засгийг хүндрүүлсээр. Уг нь зөв зардаг бол төлөөд л, хөгжөөд л баймаар.

Төсвийн орлогын ихэнхийг татвараар бүрдүүлдэг тэгэхээр яах вэ? гэх байх. Зарцуулж чадахгүй бол өөрт нь үлдээ. Энэ нь бас эдийн засгийн аюул багатай арга шүү.

Шалтгаан нь, өнөөдөр улсын төсөв эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулж хэт тэлсээр байна. Өндөр өртөг шингэсэн концесс,  эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх тусгай сан, ашиггүй төрийн өмчит компанийн санхүүжилтийн хэрэгсэл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын эрэмбэд бус үрэлгэн, ард олны ахуй амьдралд дэм бус шавар, цементэд, баялаг бүтээгчид, эдийн засгийг авч явдаг хэсэгт бус хөшөө дурсгалд  зориулж данхар болж байна. Тиймээс иргэдэд үлдээ.

Энэ оны тухайд, төсвийн зардлаа замбараагүй тэлсэн /27,4 их наяд, өмнөхөөс 33 хувь  тэлсэн/. Ийм нөхцөлд инфляц буухгүй нь тодорхой. Үнэ өртөг тэнгэрт хадахыг аль аль талдаа ойлгомоор л юм.

Энэ тэлэлттэй төсвөө нөхөхийн тулд төсвийн орлогыг маш их өөдрөгөөр төсөөлж байна. Нөхөх нөхцөл нь иргэд, аж ахуй нэгжээс татвараар 23.4 их наядыг буюу төсвийн орлогын 92.9 хувь бүрдүүлэхээр, татварын бус орлогоор 7.1 хувь буюу 1.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ нь татварын дарамт авч ирэх суурь нөхцөл юм. Тухайлбал, орлогогүй иргэд, аж ахуй нэгж яаж /НӨАТ- аар 25,6 хувь буюу 6 их наяд орчмыг, НДШ- 20.5 хувь  буюу 4,8 их наядыг, ОАТ- 24.2 хувь буюу 5.7 их наяд, бусад  татвар 30   хувиар/ төлөх билээ.

Төсвийн зардал өснө, тэлнэ гэдэг хувийн хэвшлийн хөгжих, бойжих орон зайг хааж буй явдал. Энэ их тэлэлтээс үүдэлтэйгээр Монгол банк мөнгөний бодлогоо хатуурахаас өөр гарцгүй байдалд ордог.

Энгийнээр хэлбэл Африкийн зарим улс шиг чимодантай мөнгө бариад талх худалдаж авдаг болохгүйн тулд мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүйд хүргэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь бизнесийн салбараа амьсгалах агааргүй болгож байгаа үйл явц.

Монголд бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэр олно гэдэг өвсөн дотроос зүү олохтой адил боллоо гэсэн үг. Бодит байдал дээр  эх үүсвэрийг нь хулгайч дарга нар нь хамчихна, эсвэл бодлогын хүүгээ хатууруулах нэрээр өөр тийш үлээчихнэ. Ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн өртөг болсон зээлийн хүү өснө, үнэ өснө богино, дунд хугацаандаа инфляцыг өдөөнө.  Аж ахуй нэгжүүд  эх үүсвэрийн дутагдалтай өнөө үед жаахан байсан зах зээл дээрх сул чөлөөтэй мөнгийг олдцыг багасгаж, өртгийг нь өсгөх замаар буцаагаад татаж буй явдал болно. Мөнгөний хатуу бодлогыг даах потинцал эдийн засагт байхгүй, хэврэг байгаа. Үр дүнд нь суурь эдийн засгийн дампуурал.

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АМГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж