Хятадын аюулгүй байдлын Шяншань форум Бээжин хотноо Ням гаригт эхэлсэн. Энэ нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг хамгийн том хэмжээний цэргийн дипломат форум юм. Онцлууштай нэг зүйл нь энэ удаагийн форум Хятадын Батлан хамгаалахын сайдгүйгээр эхэлсэн явдал байлаа. Ли Шанфу байгаагүй тул арга хэмжээг нээж Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Жан Юшя үг хэлсэн.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон АНУ-ын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирж, форумд оролцов.
Форумын үеэр Хятад, Оросын батлан хамгаалахын удирдах албан тушаалтнууд АНУ-ыг шүүмжлэлийн бай болгосон. Гэсэн хэдий ч Хятадын цэргийн хоёр дахь том албан тушаалтан нь АНУ-тай батлан хамгаалахын харилцаагаа өргөжүүлнэ гэж амлажээ.
Тодруулбал, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Жан Юшя АНУ болон түүний холбоотнуудыг шүүмжилж, “Зарим улс орон Хятадын засгийн газрыг унагахыг оролдож байна” гэжээ. “Зарим улс орон зориудаар үймээн самуун үүсгэж, бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, турхирдаг. Улс орнууд томоохон, эмзэг асуудлаар бусад улсыг зориуд өдөөн хатгах ёсгүй. Тайвань бол Хятадын язгуур ашиг сонирхол юм” гэжээ.
Энэ мэдэгдэлтэйгээ зэрэгцээд тэрбээр АНУ-тай цэргийн харилцаагаа сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
АНУ болон Хятадын арми хооронд байнгын харилцаа холбоо байхгүйн улмаас хоёр орны хооронд хурцадмал байдал үүсэх болсон. Цаашилбал, Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн эрэг орчимд санамсаргүй мөргөлдөөн гарах ч эрсдэл үүсээд буй.
Хятадын Батлан хамгаалахын сайдаар Ли Шанфу томилогдсоноос хойш хоёр улсын хооронд өндөр түвшний цэргийн харилцаа холбоо бараг байгаагүй гэхэд болно. Гэвч Ли Шанфуг ямар нэгэн тайлбаргүйгээр албан тушаалаас нь огцруулаад удаагүй байна. Түүний орны хүнийг албан ёсоор зарлаагүй ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилно гэх мэдээлэл гарсан.
АНУ-ын хувьд Батлан хамгаалахын дэд сайдын албаны Хятад хариуцсан дарга Синтия Ксанти Каррас тэргүүтэй төлөөлөгчдийг Шяншань форумд илгээжээ.
Хоёр улсын батлан хамгаалахын албан тушаалтнууд тусдаа уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
БАРУУНЫ ОРНУУД ОРОСЫГ СТРАТЕГИЙН ЯЛАГДАЛД ХҮРГЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу үг хэлэхдээ “Барууны орнууд Оростой байнга хурцадмал байдалтай байх нь цөмийн гүрнүүдийн хооронд шууд цэргийн мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй. Энэ нь гамшигт үр дагавартай. Мөн барууны орнууд Оросыг стратегийн ялагдалд хүргэхээр зорьж байна” гэжээ.
Түүнчлэн Орос, Хятадын харилцааны загварыг үлгэр жишээ гэж онцолсон байна.
Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнийг Ази, Номхон далайн бүс нутаг хүртэл өргөжүүлэхийг хүссэн гэж Сергей Шойгу үзэж байна.
“НАТО Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж буйгаа яриа хэлэлцээ хийх хүсэл эрмэлзлээр нуун дарагдуулж байна. НАТО-ийн орнууд бүс нутагт зэвсгийн уралдааныг дэмжихийн сацуу цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, цэргийн сургуулилтын давтамж, цар хүрээгээ нэмэгдүүлж байна. Орос, Хятадыг саатуулахын тулд АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав пуужин хөөргөлтөөр дамжуулан мэдээлэл солилцох гэж байна. Түүнчлэн АНУ цаг уурын өөрчлөлт болон байгалийн гамшгийг шалтаг болгож байна.
"Quad", "AUKUS" зэрэг аюулгүй байдлын шинэ блокууд бий болсон нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон бүс нутагт цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтыг сулруулж байна” гэв.
Мөн “Орос улс Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээг соёрхон батлахаа цуцалж байгаа нь хэлэлцээр дуусгавар болсон гэсэн үг биш” гэдгийг Шойгу онцоллоо.
АНУ ноёрхлоо хадгалахын тулд геополитикийн хурцадмал байдлыг өдөөж байна гэж тэр мэдэгдсэн. “АНУ геополитик болон стратегийн давамгай байдлаа хадгалахын тулд олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын үндэс суурийг зориудаар алдагдуулж байна. АНУ болон түүний холбоотнууд НАТО-г зүүн тийш тэлэх замаар Оросыг заналхийлж байна.”
Украин дахь Оросын дайны талаар Шойгугаас асуухад “Нөхцөл боломж нь бүрдвэл Москва хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ.
Эх сурвалж: AP, REUTERS
Холбоотой мэдээ