Цаг агаар эрс хүйтэрч, цас хялмаалж, халтираа гулгааны үе эхэллээ. Дэлхий хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарын гудамж талбайг халтирдаг хавтангаар "гоёсны" хар гай нь өвлийн улиралд илүүтэй мэдрэгддэг. Цас орсон үед хотын гудамжаар алхахад хүндрэл үүсдэг. Халтирч унан гар хөлөө гэмтээх нь энүүхэнд. Толгой тархиа хагалах, гэмтээх эрсдэлтэй. Ямар сайндаа эмч мэргэжилтнүүд иргэдээ "пингвин" алхаагаар алхахыг зөвлөх дээрээ тулах билээ.
Жилд 2500-3000 хүн халтирч унасны улмаас гэмтдэг байна. Тодруулбал, хүйтний улиралд өдөрт зөвхөн халтирч унаснаас бэртсэн гэх 20-30 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг аж.
Төв талбай, Арслантай гүүр, МУИС, Цэцэг төвийн гудамж талбай цас хялмаалахтай зэрэгцээд халтиргаа, гулгаа үүсгэх болж. Эдгээр замаар явахдаа унах вий гэсэн айдастайгаа байгаагаа иргэд хэллээ.
"ЯВГАН ЗАМУУДЫГ ХАЛТИРДАГГҮЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ, ИНЖЕНЕРҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА"
Хотын ерөнхий менежер М.Баяраа "ажлаа авснаасаа хойш тус асуудлыг анхаарч, инженерүүдтэй хамтарч халтирдаг хавтангуудыг сольж халтирдаггүй болгох дээр анхаарч ажиллаж байна. Энэ өвөл ч мөн Улаанбаатарын халтирдаг явган замуудыг халтирдаггүй болгохоор төлөвлөлт хийж, инженерүүдтэй ажиллаж байгаа. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувьтай үргэлжилж байна.
Инженерийн байгууламж, дулаан цахилгаан холбох ажлууд дууссан. Нийт 26 байгууллагын 850 гаруй үйлчлэгч 318 тоног төхөөрөмж бэлтгэгдсэн. Үүнээс цэвэрлэгээ үйлчилгээний 40 гаруй машин тоног төхөөрөмж, давс цацах 39 тоног төхөөрөмж хотын гудамж талбайд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар орж байгаа цасны хэмжээ харьцангуй бага хэдий ч даваа гүвээ, уулзвар, дээшээ өгссөн гүүрэн дээр давс бодис цацаж байна. Энэ жил нөөцөлж байгаа давс бодисын хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Тодруулбал, давс 5500 гаруй тонн, бодис 7200 гаруй тонныг нөөцлөхөөр ажиллаж байна. Одоо давс 4500 тонн, 2500 тонн бодис нөөцөлсөн байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2000 тонн бодисын худалдан авах ажиллагааг хийгээд дуусч байна.
Халтирдаг явган замуудын хувьд бүсчлэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байгаа" гэлээ.
АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ ГАНТИГ АСУУДАЛ ХЭВЭЭР
Иргэдээс асуухад, Арслантай гүүрний явган зам маш гялгар. Гэтэл энэ өвөл явган хүн зорчиход болон дугуй, скүүтертэй хүн явахад хоёр талын эхлэл төгсгөлд нь халтирдаггүй хавтанг байршуулсан байна. Гэхдээ хоёрын хооронд алаг цоохор хавтантай байснаас гүүрэн байгууламжийн явган замыг нийтээр нь гөлгөр биш хавтангаар солих хэрэгтэй. Санаа нь зөв хэдий ч хийж байгаа ажил нь нүд хуурсан байж болохгүй. Өвөл энэ гүүрэн дээр олон хүн унаж, гэмтдэг гэдгийг хэлж байлаа.
Харин Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Өнгөрсөн жилүүдэд ч энэ асуудал үүссэн.
Мөн арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирдаг. Энэ жил ч халтирахгүй гэсэн баталгаа байхгүй.
Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Мөн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй" болохыг онцолсон юм.
Энэ мэт жишээ авах гялгар замууд их байна. МУИС орчмын зам, Ард кино театр, төв талбай гээд жилээс жилд хүмүүс олноор халтирч унаж бэртэж байгаа замууд их байгаа ч албаныхан энэ ажилд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Өөрөөр хэлбэл, цас орох л юм бол зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсч нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог нь ганцхан жилийн асуудал биш. Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг.
ГССҮТ-өөс тодруулахад, одоохондоо хүн халтирч унах нь бага. Жаахан мөсөрхөг болоод цас их орвол эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс ихэснэ. ГССҮТ-д халтиргаанаас үүдэлтэйгээр хүний биеийн мөчний хугарлын гэмтэл хамгийн их байдаг.
Тухайлбал, халтирч гар, хөл болон тархиа гэмтээх тохиолдол их.
Хүмүүс унах үедээ хэрхэн унаснаас хамаарч хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртдэг. Хамгийн их бэртдэг мөч нь гарын хэсэг. Тиймээс явганаар зорчихдоо сонор сэрэмжтэй явахыг анхаарууллаа.
Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Мөн нийслэлийн холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зорчих зам талбайг аюулгүй болгоход анхаарч ажиллах үүрэгтэй байдаг. Ямартай ч энэ өвөл халтиргаатай зам дээр унаж бэртэж гэмтэх хүний тоо буурах төлөвтэй байгаа нь сайн ч цаашид явган хүний зорчих хэсэгт халтирдаг хавтан байршуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. Энэ асуудлыг жилийн жилд ярьдаг ч хотын удирдлагууд тэгэсгээд л аргалдаг. Гэтэл өвлийн улиралд үүнээс үүдэн 2500-3000 мянган хүн эрүүл мэндээрээ хохирдог…
Холбоотой мэдээ