Нүүрсний хулгайн хэрэгт шүүгдэж буй яллагдагч Б.Ганхуяг “Би дотуур өмд өмсөхөө байсан, цус шүүрээд наалдаад байна. Толгойны үс хүртэл их хэмжээгээр унаж эхэлсэн. Биеийн байдал маш хүнд байна. Би оргон зугтаахгүй, тийм шаардлага ч байхгүй. Миний хэрэг цагаадах ёстой, эрүүл мэндээ бодож байна” гэж шүүх хурлын үеэр мэдүүлжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон бусад есөн хүний хамт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж буруутган шүүж байгаа юм. Гол сэжигтний эрүүл мэнд чухал уу чухал. Төрийн “тусгай хамгаалалтад” байсан хүн амиа алдсан жишээ цөөнгүй. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан авлигын хэргээр 461-т хоригдож байхдаа өвчний улмаас амиа алдаж байлаа. Тэгвэл өмгөөлөгч, шүүгч асан Л.Бямбаа мөн л авлигын асуудлаар урьдчилсан хорих төвд саатуулагдаж байхдаа амиа хорлосон билээ. Тиймээс Б.Ганхуягийн амь насыг “хамгаалах” нь төрийн үүрэг. Тэгж байж л авлигын хэргийн үнэн мөн нь тодорно, шударгаар шийдэгдэнэ.
Дөчин их наядын нүүрсний хулгайн хэрэг олны анхаарлын төвд орохтой зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчлан саатуулснаас хойш тэрбээр арван сар гаруй шоронд хоригдож байна. Хэдий хэргийн сэжигтэн байлаа ч гэмт хэргийн гол сэжигтнийг арван сарын турш урьдчилсан саатуулах төвд хорино гэдэг нь нэг талаасаа залхаан цээрлүүлэлт ч байж болно.
Нөгөө талаасаа авлига, хулгайн хэрэгт холбогдсон “цагаан захтнууд” ихэвчлэн баригдаж хоригдохоороо өвчин нь сэдэрч “үхэх” дөхдөг нь гэм биш зан нь гэх үү дээ.
Жишээ нь, ЖДҮ-ийн хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан “өндөр настай, өвчтэй зовлонтой тул хорихоос өөр ялаар шийтгэж өгөх”-ийг гуйж явсан нь болсон явдал. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг хүнд өвчин туссан тул шүүхээс түүнийг хоёр жил хорих ялыг нь хүчингүй болгож, 40 сая төгрөгөөр торгож байсан юм. Гэх мэтчилэн олон авлигач шүүхийн өмнө очихоороо “сүнсээ гээчихдэг” жишээ цөөнгүй.
Өнгөрсөн долоо хоногт Т.Бадамжунай болон хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, ирэх сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.
Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн хувьд цус харвасан гэх оноштой эмчлүүлж байгаа аж.
Түүний өмгөөлөгч Ш.Цэцэгмаа шүүх хурлын үеэр “Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан. Тиймээс Улсын III төв эмнэлэг очиход онош тогтоогдоогүй. Тэгээд улсын II төв эмнэлэгт очсон. MRI шинжилгээгээр баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь тогтоогдсон. Харвалтын улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Эмчлэгч нарын зүгээс сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эдгэртэл нь шүүх хурлыг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Т.Бадамжунайг бүрэн эдгэртэл шүүх хурлыг хойшлуулна гэвэл багагүй хугацаа шаардагдана.
Нэг ёсондоо өвчнөөрөө далимдуулж, шүүхээс зугатдаг, өвчний үүх түүх зохиож, хугацаа хождог бол манай авлигачдын ашигладаг арга тактик болсон. Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгадаг шиг МАНай авлигачдын ааш, бааш их гэдэг нь.
Харамсалтай нь, тэдний авлига, хулгай, луйвраас болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг хэлэхэд хэцүү. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж нэг жилд дунджаар 1400-4000 хүн амиа алддаг агаад үүний 15 хувь нь хүүхэд гэсэн статистик бий. Эдгээр хүмүүсийн үхэлд авлигачид шууд бусаар нөлөөлсөн нь үнэн. Тэдний эрүүл орчинд амьдрал, эрүүл мэндийн үйлчилгээ авах бүх боломжийг булаасан нь бүр үнэн. Үүнийхээ төлөө авлигачид үүрдгээ үүрч, эдэлдгээ эдлэх ёстой. Авлига авсан баримтаар батлагдаж нотлогдох юм бол өвчтэй, өтөлсөн байхаас үл хамаараад хуулийн дагуу ял шийтгэлээ үүрэхээс ёстой. Үүнээс л хуулийн засаглал эхэлнэ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ