Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины эхлүүлсэн их хэлмэгдүүлэлтэд хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өчигдөр ОХУ-д болжээ. Энэхүү арга хэмжээ Орос улсаас хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн хийж байгаа үед олны анхаарлыг илүүтэй татлаа. ЗХУ-ын үеийн хэлмэгдүүлэлтийг олон нийтэд дурсах арга хэмжээ нь Орост эх оронч бус үйлдэлд тооцогддог.
Нобелийн энх тайвны шагналт "Мемориал" хүний эрх, түүхийг сэргээх байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд олон орос хүн оролцсон байна. Тус бүлгийг өнгөрсөн 2022 онд ОХУ-аас цэргийн тусгай ажиллагааг Украинд эхлүүлэхээс хэдэн долоо хоногийн өмнө татан буулгах шийдвэрийг албаныхан гаргасан.
Дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр Сталины хэлмэгдүүлэлтэд өртөн 1936-1938 оны хооронд цаазлуулсан хохирогчдын нэрийг чангаар дуудан уншдаг. Москва хотноо уг арга хэмжээ Оросын дотоодыг аюулаас хамгаалах байгууллага буюу КГБ-ын төв байрны эсрэг талд байрлах Соловецкийн чулуун хөшөөний хажууд зохион байгуулагддаг уламжлалтай.
Оросын эрх баригчид Лубянкагийн төв талбайд дурсгалын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд өчигдөр цагдаагийн хамгаалалт гарсан байв. Тиймээс хүндэтгэлийн арга хэмжээг Москва хотноо тэрс үзэлтнүүдтэй холбоотой бусад түүхэн газруудад зохион байгуудж, "Мемориал" байгууллагын дарга Олег Орлов тэргүүтэй хүмүүс мөн АНУ зэрэг барууны орны хэд хэдэн Элчин сайд нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.
ОХУ-д Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан тус байгууллага Оросын бусад хотууд болон гадаадад арга хэмжээнүүдийг зохион байгуулж, шууд дамжуулалт хийжээ. Нэр дуудах арга хэмжээ Москвагаас гадна Волгоград болон Сибирийн Новосибирск, Тюмень, Эрхүү хотуудад болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ