Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.30/ 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “2009 онд БНСУ ын Дэү корпорацийн 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Хамгийн ноцтой нь, нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн.
- Автобус I компанид-120,
- Автобус-III компанид-80,
- Цахилгаан тээвэр компани -50,
- Эрдэм Транс-30,
- Автобус нэгдэл-10,
- “Сутайн буянт”компани-30,
- “Цахилгаан тээвэр” компани 30,
- “Мяралзаа” компани 8,
- “Тэнүүн огоо” компани- 50,
- “Тэнүүн дэлгэр” компани-14,
- “Атибус” компани найм гээд нийт 400 автобусыг аваад тухайн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгжид өгсөн.
Үүнээс болж дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй. Үүнээс болж ханшийн зөрүүнээс шалт гаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлж, хувийн аж ахуй нэгжид шилжүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гээд өнөөдөртэй золгосон.
Дээрх 400 автобусыг худалдан авах ажлыг зохион байгуулсан захиалагч нь Зам тээврийн яам, санхүүжүүлэгч нь Сангийн яам.
Мөн Төрийн өмчийн хороо, Нийслэлийн захирагч нарт худалдан авах талаар Засгийн газрын тогтоол шийдвэр гаргасан. 2010 онд дахин Засгийн газрын тогтоол гаргаад 303 дугаар тогтоолоор нийслэлийн Нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжэний тухай тогтоол гаргаад 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг ААН-үүдтэй байгуулсан гэрээг дахин шинэчлэн байгуулахыг тухайн үеийн Нийслэлийн Засаг даргад даалгасан. ААН-үүдээс таөлбөрийг төвлөрүүлэхийг даалгасан.
2009 онд автобус худалдан авахдаа алдаа гаргасан байна, зас гээд Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газраас тогтоол гаргасан. Харамсалтай нь, Зам тээврийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн хороо дээрх биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл ААН-үүд нь төлбөрөө барагдуулаагүй.
Багаамж ихтэй нийтийн тээврийн шинэчлэл хийх зорилгоор 2015 онд угсраа цэнхэр автобусыг 20 ширхэгийг шууд худалдан авалтаар хийсэн. Угсраа автобусны өртөг нь 9.9 тэрбум төгрөг. Угсраа автобус худалдан авсан даруйд хоёрыг нь шууд акталсан. Техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй гэдгээр үйлдвэрлэлээс гарснаас хойш 3 жилийн дараа актлагдсан. Одоо дахиад 2 угсраа автобусны моторыг шинэчлэх шаардлага байгаа ч тендерт шалгардаг аж ахуй нэгж байдаггүй.
2015 онд экобусыг нэг бүрийг нь 130 сая төгрөгөөр худалдан авсан. Нийт 20 экобусыг 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан. Харамсалтай нь, эдгээр 20 автобус гэрээгээр хүлээсэн цаг хугацаандаа явалгүй актлагдсан.
Монбус-30 цахилгаан автобусыг нэг бүрийг 470 сая төгрөгөөр худалдан авсан ч өгсүүр өндөр газар явалгүй байсаар актлагдсан.
Монбус тролейбусыг 2010 онд шууд гэрээний аргаар авсан, Нэг бүрийг нь 475-525 сая төгрөгөөр 30 автобус авсан. Одоо ашиглагдахаа больсон.
БНХАУ-ын Юнлойн гэдэг компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж мөнгө өгөлгүйгээр 2020 онд авсан. Уг цахилгаан автобус өдөрт 70 км явж байгаа. Ямар нэг тендер зарлалгүйгээр туршиж үзээд хийх нөхцөлтэйгээр авсан.
Драгон гэдэг улаан автобусыг 2022 онд нэг бүрийг нь 271.5 сая төгрөгөөр 60 автобусыг шууд гэрээний аргаар авсан. Давхар цахилгаан автобусыг 2022 онд нэг бүрийг нь 776.5 сая төгрөгийн үнэтэйгээр 10 -ыг авсан.
Сүүлд улаан автобусыг нэг бүрийг 275.1 сая төгрөгийг үнэтэйгээр 122 автобус авсан.
2023 онд цахилгаан автобусыг нийт гэрээний хүрээнд тус бүрийг нь 625.6 сая төгрөгийн үнэтэй шууд худалдан авалтаар авсан.
Хүүхдийн шар автобус, 2020 онд зарласан шууд гэрээний арга байсан. Нэг бүрийг нь 370.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 автобусыг шууд гэрээний аргаар авсан.
Бидний зүгээс нэгдүгээрт, 2009 оноос эхлэн төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан бүх автобусыг бүхэлд нь шалгуулъя гэдэг асуудлыг тавьж байна.
Хоёрдугаарт, 2009 онд нийлүүлсэн автобус бүгд ААН-д очсон. Гэвч тэдгээр ААН –ээс хамгийн дээд тал нь автобусныхаа өртгийн 30 гаруй хувийг төлсөн, үлдсэн 70 хувийг төлөөгүй. Хамгийн бага төлөлттэй нь 13 хувийн төлөлттэй, “Тэнүүн огоо” компани.
Бид удахгүй арваннэгдүгээр сарын 23-нд автобусны тендерийг нээнэ. Энэ онд эхнээсээ автобус нийлүүлэгдэж эхэлнэ.
Чанартай үйлдвэрлэгч бага үнэ өгөөд орж ирлээ гэхэд төрийн өмчит компаниудад шинээр худалдан авах 700 автобусыг шингээх парк байхгүй. Цаашаа нийтийн тээвэрт авч явах боломжтой нь хувийн ААН. Парк шинэчлэлээ татвар төлөгчдөөр хийлгээд мөнгийг нь эргэж төлдөггүй, дараагийнхыгаа хүлээн авдаг. Цаашид бид эдгээр ААН-д барьцаатай зээлийн нөхцөлөөр автобус өгөхөөс аргагүй. Энэ болзол шаардлагаа хангаж, эртнээс нийтийн тээврийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН гэрээ хэлэлцээрийн ард суухаас аргагүй.
2009 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр авсан автобусныхаа эргэн төлөлтийг хийж байж, хэлэлцээрийн ширээний ард сууж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс шинэ автобусаар олон нийтэд үйлчлэх эрх нээгдэнэ.
Хоёрдугаарт, 2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн сайдын нэр дээр хүргүүлж, шалгуулах хүсэлт гаргаж байна.
Улсын ерөнхий прокурорт улсад учраад байгаа хохирлыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээг авч өгөө гэдэг хүсэлт гаргаж байна.
Монбус зэрэг автобусыг шууд гэрээний аргаар авсан байгаа. Гэтэл авсан өдрөөс эхлээд өгсүүр өөд явж чадахгүй, 500, 600 сая төгрөгийн өртөгтэй автобус нэг ч өдөр явалгүй байж байна. 30 автобуснаас нэг нь ч яваагүй гэж байна. Хохирлыг дахин нэхэмжлэх асуудлыг ярина.
Жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн татаасыг нийт автобус компанид хуваарилж өгдөг. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус компаниудаар хэдэн хүн үнэгүй зорчсон бэ гэдгийг тоолдог системгүйгээр татаасыг шууд нийт дүнгээр нь өгдөг.
Дээр нь нийтийн тээврийг урт маршрутаар явуулдаг, оргил цагийн үед нэг талдаа автобус нь бөөгнөрөөд , зорчигчид нь маш удаан цагаар хүлээдэг.
Смарт картыг нэвтрүүлж эхэлснээс хойших хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо буурсан. Аудитаар ажлаа тайлагнуулдаггүй. шаардлага биелүүлдэггүй. Нийт хэчнээн төлбөрийн гүйцэтгэл гарсан зэрэг нь тодорхой бус алдаатай завхарсан бодлого явсан байна. Энэ алдаа завхарлыг шинэ автобус ирэхээс өмнө засч залруулах шаардлага байна.
Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш нийлүүлсэн автобус худалдан авалтыг төр, хувийн хэвшлийн бүлэглэл хийсэн байж болохуйц үйлдлүүд байгаа. Тухайлбал, 2009 онд авч байсан ДЭҮ-гийн загвар өнөөдрийн авч байгаа загвар хоёр яг ижил. Тендер нь яг адилхан шууд гэрээгээр хийгддэг. Автобусыг худалдан авсан ААН -үүд нь улсын төсвийн хөрөнгөөр авсан төлбөрөө төлдөггүй.
Нийтийн тээврийн чиглэлийн асуудал байгаа. Ямар компанийн автобус явах вэ гэдэг учиртай байдаг гэдэг мэдэлэл ирж байгаа. Энэ бүхнийг цэгцэлнэ” гэлээ.
Г.ХОРОЛ