Нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Өнгөрсөн 2022 оны байдлаар нийт үйлчилгээнд явж байгаа автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн гэж дүгнэсэн. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж буй. Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд энэ ажлыг эхлүүлсэн.
Гэвч амжилт олсонгүй. Худалдан авсан улаан, ногоон автобус нь бүгд “но”-той болж таарлаа. Нийслэлчүүдийн энэ өвөл хөл дүүжлэх дулаан унаатай болох итгэл найдвар ч сураг алдрав.
УЛААН АВТОБУСНЫ ҮНИЙН БУДИЛААН: 2022.01.16
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Нийслэлийн холбогдох албаныхан бараг л шинэ автобус улсын хилээр оруулж байгааг нь лайвдаж, шинэхэн автобусны цувааны сэтгэл хөдөлгөм “нулимс”-тай бичлэгийг олон нийтэд цацаж байсан цаг саяхан.
Эхэндээ шинээр авч буй автобусны нэг бүрийн үнэ 253.5 сая төгрөг гэж НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсан. Сүүлдээ нэг бүрийн үнэ нь хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр 265 сая төгрөг болж нэмэгдсэн.
Гэтэл аудитын тайланд 706 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 310 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлсний нэг нь нийтийн тээвэрт явж байгаа улаан автобус. Захиалагч нь нийслэлийн Нийтийн тээврийн газар. Нийт 224 ширхэг их багтаамжийн автобусыг “Шиамэн голдэн драгон бус” компаниас тус бүрийг нь 640 мянган юань буюу ойролцоогоор 302 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт худалдан авалтын төсөв нь 60 тэрбум 560 сая төгрөг гэжээ.
Хотын удирдлагууд 2023 оны зургадугаар сараас 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл шинэ автобус нийлүүлэхээр гэрээлсэн хэдий ч 2023 оны гуравдугаар сарын дотор БНХАУ-аас 224 автобусыг бүгдийг нь худалдан авсан байгаа юм.
Мөн гэрээнд заасан техникийн тодорхойлолтод хөдөлгүүрийг 9000 сс байхаар тусгасан ч 8400 сс хүчин чадалтай, хурдны хайрцаг нь автомат биш механик, салхины шил гурван хэсэг бүхий ойролцоогоор зургаан мм зузаан, аюулгүй наамал байна гэж заасан ч нүүрний шил, хажуугийн ком шил нь салдаггүй, дагалдах хэрэгслүүд дутуу гэх зэрэг зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, техникийн тодорхойлолтынхоо дагуу захиалагч тал буюу нийслэлийНийтийн тээврийн газраас автобусаа хүлээж аваагүй гэж дүгнэсэн байна. Энэ мэт автобусны нэг бүрийн үнээ зөрүүтэй мэдээлж, иргэдийг төөрөгдүүлж байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлж байгаа юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БҮТЭЛГҮЙТЭЛ II: 2023.09.25
Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан сүр дуулиантайгаар мэдээлж байсан. Гэвч нийтийн тээврийн бүтэлгүйтэл дахин ногоон өнгийн автобусаар үргэлжлэв.
БНСУ-ын “Daewoo Bus” үйлдвэрийн ногоон автобусны нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөг бөгөөд энэ үнэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.
Гэвч өндөр үнэтэй энэ автобусны талаар олон нийтийн сүлжээнд БНСУ-д үйлдвэрлээгүй, Вьетнамд үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг үүрэг болгосон.
Одоогоор хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, “Ногоон автобус”-ны гэх хэргээр 13 хүнийг мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Энэ дуулианаас болж Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа, Ж.Сүхбаатар Хотын асуудал эрхэлсэн сайдын албаа өөрийн хүсэлтээр өгсөн. Мөн нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас гадна захиалагч тал болох “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын удирдлагуудыг хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа.
Хотын шинэ дарга Х.Нямбаатарын зүгээс энэ хэргийг шуурхай шалгаж, хурдан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу “Тэнүүн огоо” компанийн эзэмшилд байгаа бүх хөрөнгө буюу 11 тэрбум төгрөгийг царцааж, тус компанитай байгуулсан байсан автобус худалдах худалдан авах тухай гэрээг цуцалсан юм.
ОЛОН УЛСЫН ТЕНДЕР ЗАРЛАВ: 2023.10.24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автобус худалдан авах нээлттэй олон улсын тендер зарлаад байгаа юм. Тодруулбал, /2023.10.24/ 183 тэрбум 438 сая 632 мянга 900 төгрөгийн нээлттэй тендерийг зарласан. Үүнээс энэ онд 137.6 тэрбумыг нь зарцуулахаар тусгасан байна.
Уг тендерийг аравдугаар сарын 24-ний өдөр зарласан бөгөөд материалыг ирэх арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэл авах гэнэ.
Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Тендер сонгон шалгаруулалт маргаангүй байвал арванхоёрдугаар сарын эхээр гэрээг хийж, автобуснуудыг нийлүүлэх компаниас хуваарийн дагуу авна. Энэ нь том оврын 600 автобус авах тендер юм. Шинээр авах автобуснууд нийслэлийн гол чиглэлүүдэд явна.
Бид одоо байгаа санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад 600 автобус авах тендерийг зарласан. Энэ ондоо багтаан автобуснуудыг авч, үйлчилгээнд гаргах чин эрмэлзэлтэй байна. Мөн 55 цахилгаан автобус, дизель 20 автобусыг өмнөх тендерээр авсан нь үйлчилгээнд гарсан. Дунд оврын 50 автобусыг хүлээж авсан, гэр хорооллын холбоос замуудаар удахгүй үйлчилгээнд гаргахаар ярьж байна. Өмнөх тендерийн хувьд урьдчилгаа мөнгөнүүд шилжүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалт дууссаны дараа тооцоо нийлэх асуудал яригдана. Улаанбаатарын түгжрэлийг нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байж багасгах болохоор энэ асуудалд илүү анхаарна" гэж мэдээлж байв.
Холбоотой мэдээ