Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

Монгол Улс 3,4 сая хүн амтай. Үүнээс 1,206,000 нь хүүхэд. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах эрхтэй ч хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэл хотод эсрэгээрээ. Цэцэрлэгийн хүүхдүүд нь багтахгүй учраас сугалаагаар тэнцүүлнэ, сургуулийн хүүхдүүд нь багтахгүй бол хичээлийн бус байр түрээслэнэ гээд зовлон их. Үүнтэй зэрэгцээд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, бага ангийн сурагчдын хоолны мөнгөний асуудал бий.

Монгол Улсын төр цэцэрлэгийн хүүхдүүддээ өдөрт 2475 төгрөг, бага ангийн сурагчдын үдийн хоолны мөнгө 1500 төгрөг байхаар тогтоож, төсвөөс зарцуулдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд гэхэд өдөрт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэгээс авч байгаа.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны тушаалаар 1-6 насны хүүхдийн эрүүл хооллолтын зөвлөмжид цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлогийг тодорхойлжээ. Ингэхдээ,  “Цэцэрлэгийн насны хүүхдийн бие махбод эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт хөгжлийн хангахын тулд илчлэг, шимт бодисыг зохих хэмжээ, харьцаатайгаар хэрэглэх, шаардлагатай шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж сулардаг” гэжээ.  Анхаараад уншвал хүүхдүүд хоолноос илчлэг, шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж сулардаг гэж мэргэжлийн байгууллага нь тодорхойлжээ. Гэтэл Монгол Улсад мөрдөгдөж буй журмаар нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө 2475 төгрөг. 

Хүүхдүүд өдөр тутамдаа илчлэг, тэжээллэг хоол идэх ёстой. Гэвч Монголын төрийн хүүхдүүддээ өгч байгаа мөнгө зах зээлийн үнээр бол нэг ширхэг хуушуурны мөнгөнд л дөнгөж хүрэлцэж байна. Гэтэл энэ мөнгөөр хүүхдэд тэжээллэг, чанартай хоол өгөх боломжгүй. Өнөөдөр зах, худалдааны төвд будаа, гурилын үнэ хэд байгааг тооцоод үзвэл төрөөс олгож буй мөнгийг сургууль, цэцэрлэгүүд яаж хүргэж, хүрэлцээтэйгээр хүүхдүүдэд хоол өгч байна вэ гээд бодвол, санаанд оромгүй дүгнэлт гарч ирнэ. Хүүхдийн хоолны мөнгийг нэмэхийн тулд эцэг эхчүүдээс тал мөнгийг нь татах боломжтой.

Хүүхдүүдийн үдийн хоолны талаар www.news.mn сайт олон талын эх сурвалжтай мэдээллийг өмнө нь бэлтгэж байв.

Холбоотой мэдээ

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

Мэдээж хүүхдийнхээ хоолны мөнгийг төлж чадахгүй хэсэг бүлэг байгаа ч тэдний судалгаа мэдээлэл дээр үндэслэж, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөний тодорхой хувийг нь хоолны мөнгөнд шилжүүлэх байдлаар зохицуулалт хийх боломжтой. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар бүх хүүхдийн хоолны мөнгийг төр дааж, хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгөнд гар хүрэх нь хэр зохимжтой вэ?

Хуулийн дагуу 1-5-р ангийн хүүхдүүдийн үдийн хоолонд 1500 төгрөг улсаас төсөвлөдөг. Энэ мөнгийг улсын болон хувийн сургууль гэж ялгалгүй бүх ерөнхий боловсролын сургуулиудад олгодог. Нэг хүүхдийн зардлаар сургууль бүрт санхүүжилт олгож, сургуулиуд өөрсдөө үдийн цай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Гэвч 1500 төгрөгөөр бид өдөрт нэг ширхэг пирошки ч худалдаж авч чадахгүй байхад та бидний хүүхдүүд энэ мөнгөөр үдийн хоол идэж байна. Цэцэрлэг, сургууль ялгаагүй хүүхдүүд өдөрт шим тэжээлтэй, чанартай хоол идэх учиртай ч төсвөөс олгох мөнгө нь л ийм учраас түүндээ тааруулж, сургуулиуд зохицуулалт хийж байна. Зарим хувийн сургуулиуд эцэг эхээс нь сар бүр хоолны мөнгө авах зохицуулалттай байгаа. Мэдээж энэ хэрээр тухайн сургуулийн хүүхдүүд шим тэжээлтэй, чанартай хоол идэж байгаа гэсэн үг. Гэтэл улсын сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүд өнөөдөр 1800 төгрөгөөр ямар чанар, шим тэжээлтэй хоол идэх вэ?

Цэцэрлэгийн хүүхдийн хоол, 1-5 ангийн үдийн хоолны зардал нь нийт 170 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргадаг байна. Үүн дээр нэмээд тогооч нарын цалин, хувьсах зардлууд гэхээр нийтдээ 230 орчим тэрбум төгрөгийг хүүхдүүдийн хоолонд төсөвлөж, зарцуулдаг. Хэрэв цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, 1-5-р ангийнхны хоолны зардлыг нэмнэ гэж үзвэл 230 тэрбум төгрөгийн 500 орчим тэрбум төгрөгт хүргэж байж бүрэн биш ч тодорхой хэмжээний илчлэг, тэжээллэг чанарыг нь нэмэх боломжтой юм байна.

Хөшөө босгохдоо, өөрсдийнхөө суудаг өрөөг тохижуулахдаа, 3000 хүнтэй сумын төвд соёлын төв барихдаа гар татдаггүй УИХ-ын гишүүд маань хүүхдийн хоолны мөнгийг их биш ч бага хэмжээгээр нэмэгдүүлж, үлдсэн мөнгийг нь эцэг эхээс гаргуулах байдлаар зөв менежмент хийх боломж бий. Хэмнэж, танах болохоороо л хүүхдийн мөнгө рүү, хүүхдүүдэд хэрэгтэй сургууль, цэцэрлэг, хоолны мөнгөнөөс хасаад байж болохгүй. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, 1-5-р ангийнхны өдрийн хоолны мөнгийг нэмэх талаар эцэг, эхчүүдтэйгээ хамт хариуцлага хүлээж, зөв менежмент хийж, хүүхдүүдээ чанартай хоолтой болгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж