Ардчилсан намын удирдлагуудын зөвлөгөөн өнөөдөр (2023.10.29)хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Ардчилсан намын бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрхэн ажиллах стратегийг хэлэлцэж байгаа аж. Ардчилсан нам асуудлыг сонсдог, бодлогын түвшинд ажилладаг, судалгаанд суурилсан нам байхаа намын дарга нь онцолж байсан удаатай.
Зөвлөгөөний үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар дараах шалгуур хангасан хүнийг томилно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Надаас Нийслэлийн намын хорооны дарга, генсекээрээ хэнийг тавих гэж байна, яагаад удаашраад байна гэх мэтийн асуултыг хүний өөрийнгүй л тавьж байна.
Нийслэлийн намын хорооны даргыг би томилдоггүй. Харин генсекээрээ бусдыг сонсож чаддаг, ажилдаа дарлуулдаггүй, өндөр боловсролтой, чигч шударга залуу хүн сонгоно гэдгээ албан ёсоор хэлчихье. Бас нэг асуулт олон ч хүнийг нойргүй хонуулж, мөн л эвдрэлцэлд хүргэчих гээд байна.
Сонгуулийн жагсаалтанд хэний нэр бичигдэх вэ гэдэг асуулт. Нэгдүгээрт, би ганцаараа шийдэхгүй. Миний саналыг сонсох гээд байвал товч тодорхой хэлчихье. Хувийн хэргийг хойшоо тавьж улс олон нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө зольж чадах мэдлэг боловсрол, ёс суртахуун нь тэгширсэн зөв хүмүүсээ жагсаалтанд оруулна. Үүнтэй холбогдоод нэг зүйлийг хэлчихье. Дарга болох хүсэлтэй хүн мэдлэг боловсрол нь тэгширсэн, элдэв бусармаг зүйлд холбогдоогүй, нөхөддөө төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх босгыг тавина” гэжээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны дарга, Ж.Батсуурь, намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Ганибал, Д.Ганбат Ц.Туваан, Б.Пүрэвдорж болон Улс төрийн зөвлөлийн гишүүд, дэд дарга, нарийн бичгийн дарга, дунд шатны намын удирдлагууд оролцож буй аж.
Холбоотой мэдээ