Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д зэвсэг шилжүүлсэн тухай Сөүл, Вашингтон, Токиогийн гурван талт мэдэгдлийг үндэслэлгүй шүүмжлэл, гүтгэлэг гэлээ. Мөн "Улс орнуудын үндэсний бүрэн эрхэд хамаарах асуудалд бусад хүн хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Хэрвээ тэд Хойд Солонгос, Орос хоёрын эсрэг хорон санаа агуулаагүй юм бол хоёр орны хооронд эрх тэгш, хэвийн харилцаа хөгжихөд сэтгэл санаагаа зовоож, бухимдах хэрэггүй" гэв.
Эргэн сануулахад, Хойд Солонгос улс Оросын Украин дахь дайнд зориулж 1000 гаруй чингэлэг зэвсэг, техникийг Москва руу илгээсэн гэж АНУ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд энэ долоо хоногийн эхээр хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Тэд Хойд Солонгосоос Орост цэргийн техник, зэвсэг нийлүүлж байгааг буруушааж, зарим нийлүүлэлтийг баталгаажуулсан гэжээ. "Украины засгийн газар, ард түмний эсрэг ашиглах зорилгоор ОХУ-д цэргийн техник, зэвсэг нийлүүлснийг гурван улс эрс буруушааж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ