Монголын сагсан бөмбөгт мэргэжлийн гэж хэлж болохуйц хоёр лиг бий боллоо. Эхнийх нь мэдээж Монголын сагсан бөмбөгийн холбооны зохион байгуулдаг үндэсний дээд лиг. Тэгвэл хоёр дахь лиг нь багийн эздийн гэгдээд буй Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг.
Зөвшилцөлд хүрч чадаагүй холбоо болон багийн эзэд ийнхүү тусдаа лигээ хийхээр шийдэв. Угтаа өнөөдөр/2023.10.28/ гурван талт уулзалтыг хийхээр багийн эзэд товлосон байсан боловч сагсан бөмбөгийн холбооны зүгээс мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд хөгжлийн лигээс таван эрэгтэй баг дээд лигт оролцох гэрээгээ байгуулсан тухай мэдэгдэж, лиг товлосон хугацаандаа эхэлнэ гэв. Мөн тамирчдад дээд лигт талбайд тоглосон хугацаагаар нь урамшуулал олгосноо зарлажээ. Хамгийн гол нь үндэсний дээд лигт оролцох боломжгүй болсон таван багаас тамирчин элсүүлэх боломжтой сүүлийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэж заасан аж.
Ямартай ч Монголын сагсан бөмбөг сонирхогчид хуучин шигээ хоёр лиг үзэх болж байна. Хэдхэн жилийн өмнө дээд лиг болон 21 аймгийн үндэсний дээд лиг гэж хоёр лиг гарч ирэн тамирчдыг хохироож, дотоодын өрсөлдөөнийг сонирхолгүй болгож байсан билээ.
Эцэст нь үзэгч, дэмжигчид Хүлэгүүд-Гарьд, "Apes"-Уурхайчид гэсэн тулааныг л үзэхийг хүснэ. Харамсалтай нь, талууд зөвшилцөж чадаагүйн улмаас ирэх улирал бүү хэл дараагийн хэдэн жил ч өнгөрсөн жилийнх шиг гал гарсан өрсөлдөөнийг үзэхгүй бололтой.
Дээд лигт оролцох багууд
- Хасын Хүлэгүүд
- Налайх Бизон
- ШУТИС Шаркс
- Сэлэнгэ Бодонс
- Монголианс
- Өмнөговь Ёлнууд
- Дархан Юнайтед
Мэргэжлийн дээд лигт оролцох багууд
- Эрдэнэтийн Уурхайчид
- IHC Apes
- Тэнүүн Өлзий Металл
- Завхан Brothers
- BCH Гарьд
Монголын сагсан бөмбөгт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан Архангай-Алтан Дорнодын Дайчид багийн тухайд дээд лигийн 2023-2024 оны улирлыг өнжиж байгаагаа зарласан бөгөөд гагцхүү мэргэжлийн дээд лигт оролцох эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна.
Холбоотой мэдээ