Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу нисгэгчгүй онгоц болон пуужингаар довтолсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүний хариуд АНУ Пүрэв гаригт Сирийн зүүн хэсэгт орших хоёр объектод агаараас цохилт өгсөн байна. Эдгээр байгууламж нь Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус болон түүнтэй холбоотой бүлгүүдийн харьяалалд байдаг аж. "F-16" сөнөөгч онгоцууд Сири, Иракийн хилийн ойролцоох Абу Камал дахь зэвсэг, сум хадгалах агуулахыг онилсон байна.
Энэ цохилтуудыг өөрийгөө хамгаалах зорилгоор нарийн зохион байгуулсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдлээ. Мөн Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнөөс тусдаа гэдгийг онцолсон байна.
"АНУ-ын хүчин рүү чиглэсэн дайралтад Иран чухал үүрэг гүйцэтгэсэн. Иран эдгээр халдлагуудад оролцоотой гэдгээ үгүйсгэж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ираны халдлага үргэлжилбэл бид дахин цохилт өгнө" гэж Остин хэллээ.
Хоёр объектыг өмнө нь Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын гишүүд болон түүнтэй холбоотой зэвсэгт хүчний бүлгүүд эзэлж байсан гэж цэргийн өндөр албан тушаалтан мэдэгдсэн. Мөн тэнд энгийн иргэд биш Ирантай нэгдсэн зэвсэгт хүчний бүлэглэлүүдтэй холбоотой хүмүүс байсан гэдгийг албаны хүн хэлжээ. Гэхдээ хохирлын тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Дашрамд дурдахад, АНУ Ойрхи Дорнодод 900 орчим цэрэг байрлуулж буйгаа Пүрэв гаригт мэдэгдсэн. Пентагоноос мэдэгдсэнээр, АНУ-ын хүчин нийтдээ 19 удаа халдлагад өртсөн ба эргүүлээд 12 удаа Ирак болон Сирид цохилт өгчээ.
Эх сурвалж: CNN