Хорт хавдрын даван туулагч Ш.Ариунаатай хавдартай иргэдэд тулгамдаж буй асуудал, нэн шаардлагатай байгаа эмнэлгийн төсвийг ирэх онд тусгаж өгөх шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
-Хавдрын өвчлөл, нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Харамсалтай нь, хорт хавдартай хүмүүсийг нийгмээс тусгаарлах явдал их байгааг энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Хорт хавдартай хүмүүс Монголд маш их байдаг. Даван туулж, өдөр, сар, жилийн эмчилгээнд хамрагдаж өөрийн эдийн засгийн бүх нөөцөө зарцуулж байгаа ч эрүүл мэнд нь эргэж сэргэхгүйгээр нас барж байгаа хүмүүс ч байна. Хавдартай гээд хэлчихвэл тухайн хүнийг хүлээж авах эмнэлэг, сувилал байдаггүй. Үүнээс болж эрсдэлд өртөх тохиолдол их бий. Хорт хавдартай хүнийг эмнэлэг, сувилал хүлээж авлаа гэхэд дараа нь үүсэх эрсдэлт нөхцөлийн хариуцлагыг хүлээх хүн байдаггүй. Өвдсөн хүмүүс л энэ хандлагыг маш сайн мэднэ.
Хавдраар өвдсөн хүмүүст мэс заслын дараах клиник сувилалтай болох хэрэгцээ шаардлага байгааг олж харж 2020-2021 онд ажил хэрэг болохоор их ярьсан. Гэвч газрыг нь гаргасан ч төсөв санхүү нь шийдэгдээгүйгээс болж ажил нь тэг зогссон. Ер нь Монголд Хавдар судлалын төв эмнэлэг дахиад 1-2-ыг барих шаардлагатай болсон.
Энэ асуудалд анхаарч хандахгүй бол хавдрын өвчлөл жилээс жилд залуужиж, өвдөх, нас барах хүний тоо улам өсч байна. Тэр бүү хэл урагт өвчлөл халдварлах тохиолдол ихэссэн. Тэгэхээр энэ чиглэл рүү нийгэм тэр дундаа бодлого боловсруулж байгаа яам, УИХ-ын гишүүд анхаарах ёстой.
ХАВДАР СУДЛАЛЫН ТӨВ ДАХИН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТАЛААР СУДАЛГАА ХИЙСЭН ТОЙМТОЙ АЖИЛ НЭГ Ч БАЙДАГГҮЙ
-Монголчууд хорт хавдараар өвдөх нь эрс нэмэгдсэн. Өвчлөгчдийн нас залуужсан гэлээ. Шалтгааныг нь та юу гэж тайлбарлах вэ?
-Харамсалтай нь, шалтгааныг нь тодорхойлоход хэцүү. Судлаач байхгүйгээс болоод хавдрын шалтгааныг нь тогтоож чадахгүй байна. Энэ төрлийн тоймтой судалгаа хийж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, төсөв санхүүг нь яаралтай улсын төсөвт суулгаж өгөх талаар Эрүүл мэндийн яам хамгийн их анхаарах хэрэгтэй. Гэтэл тэгдэггүй. Тиймээс хавдартай иргэд төрийн бус байгууллагаар дамжуулж холбогдож, мэдээллээ солилцож, хаана ямар эмчилгээ үйлчилгээ, боломж байгаа, аль улс орноос эм авах шаардлагатай байгаагаа ярилцаж байх жишээтэй.
Гэхдээ дэвшилт бол байгаа. Өртөг өндөр хавдрын бай эмчилгээгээ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулж чадсан. Мөн сэргээн засах эмчилгээг оруулсан.
Яагаад сэргээн засах эмчилгээ шаардлагатай байна вэ? гэхээр С50, С53 оноштой буюу олон улсын хэллэгээр хөхний хавдар, умайн хорт хавдрын хагалгаагаар булчирхай их авагддаг. Тэгэхээр өдөр бүр алгасахгүйгээр массаж, бариа эмчилгээ хийлгэж, дасгал хөдөлгөөнтэй байх шаардлага үүсч байгаа юм. Хэрэв өдөр бүр тогтмол эмчилгээнд орж чадахгүй оочер дарааллаас болж өнжсөн тохиолдолд хөл, гар маш богино хугацаанд хавагнаж эрсдэл үүсгэдэг. Тиймээс том хэмжээний клинек сувилал хавдартай хүмүүс нэн шаардлагатай. Клиник сувилалд сэтгэл засалч, хоол зүйч гээд нарийн мэргэжилтнүүд олноор байх нь зөв. Хүн бүрийн онош өөр, өөр. Хавдартай хүн хэзээ ч нэг нэгэндээ зөвлөж болдоггүй. Амьдралын хэв маяг, тухайн хүний биеийн онцлог зэрэг ялгаатай.
Тэгэхээр хавдрын оношилгоо, эмчилгээ үйлчилгээг эрт илрүүлгээр сэвээд өнгөрч болохгүй. Мянга эрт илрүүлээд эмчилгээнд орох гэхээр амбулаторийн үзлэгийн оочер ХСҮТ дээр олон сар жилээр сунжирдаг. Эрх мэдэлтнүүдийг хавдарын эмнэлэг дээр өглөө шууд яваад очиж үзээсэй гэж хүсье. Ямар нэгэн байдлаар очиж барихаа зарлалгүйгээр тэнд нөхцөл байдал ямархуу байгааг өөрийн нүдээр харах хэрэгтэй.
Үзлэгт орох гэсэн хүмүүс өглөө эрт ирээд ч цаггүйдээд буцах нь их. Тэр хэрээр эмчлэгдэх цаг хугацаа нь хойшлогдсоор байдаг. Тийм болохоор энэ асуудлыг нийгэм даяараа анхаарч, клиник сувилал, эмнэлэг барих ажлыг нийтээр уриалах ёстой.
ЭМЯ ЗОРИЛТОТ БҮЛЭГ, ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛДАГГҮЙД ХАРАМСДАГ
-Эрүүл мэндийн яам энэ талд дээр анхаарал хандуулахгүй байгаа нь юутай холбоотой вэ. Хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг харсаар байж яагаад эмнэлэг нэмж барих, өвчлөгсдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангахгүй байгаа юм бол?
-Бодлогын хувьд ЭМЯ маш муу ажиллаж байна. Миний хувьд зохицуулалт бүх шатандаа саатахад хүрч байгааг ЭМЯ-ны бодлого, үүний дараагаар Сангийн яамны харамч, хатуу хандлагаас болдог гэж харддаг. Хавдрын эмнэлэг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан уу, туссан. Гэтэл барих төсвийг нь төсөвтөө тусгаагүй. Зорилтот бүлэг рүү үйлчилгээг хүртээмжтэй чиглүүлж чаддаггүйгээс гадна эмч, мэргэжилтэн хүний нөөц бэлтгэх тал дээр сул байна. Монгол Улсын хөгжлийн ерөнхий ерөнхий төлөвлөгөөнд Хавдар судлалын хоёр эмнэлэг барихыг тусгасан. Гэвч 2024 оны төсөв дээр эмнэлгийн санхүүжилтийг мөн л тусгаагүй байгааг харахад харамсалтай санагдсан. Ядаж клиник сувиллын төсөв ч байхгүй.
Нас баралтын гол шалтгаан бол хагалгааны дараах асаргаа сувилгаа. Магадгүй клиник сувилал 2021 онд ашиглалтад орсон бол хагалгаанаас гарсан хүмүүсийг нэг сараас хагас жилээр байрлуулж асарч сувилах боломжтой болох байсан. Хүндээ ээлтэй бусад улс орнуудын жишиг ийм л байдаг.
Түүнээс гадна ачаалал ихэсч байгаагаас хүний нөөцийн дутагдалд орж байна. Эмч, мэргэжилтнүүд нь ээлжгүй ажиллаж байгаа ч өвчтөний төө өдрөөс өдөрт өсч тамирдаж байна шүү дээ. Мөн нийслэлээс гадна хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхжуулах хэрэгтэй. Орон нутгаас хавдар нь 2-3 дугаар шатандаа орж ирээд ХСҮТ дээр 1-2 сарын дараах дугаар авч үзүүлэхээр хүндэрсэн тохиолдол их. Тиймээс хөдөөг орхиж болохгүй. Хүний нөөц, өндөр өртөгтэй эмчилгээнээс гадна эм, тариа Монголд маш дутагдалтай. Хил гаалиар түүнийг оруулж ирэхэд ч хүндрэлтэй.
2010 оны тавдугаар сард гарсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай 4.4 дүгээр заалтад нэмэлтээр 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр нэмэлт заалт хуульчилж оруулж өгсөн. Тэр заалтад гадаадад эмчлэгдээд хил гаалиар орж ирж байгаа иргэн өөрийн эм, тариатай орж ирэх боломжтой болсон. Энэ мэтчилэн сайжруулалт, зохицуулалтуудыг жил бүр хийгээд л явбал олон хүнд хэрэгтэй.
Одоо бол хамгийн чухал нь Хавдар судлалын төв нэмж барих л гол анхаарах сэдэв. Төсөв яагаад тусгаж өгөхгүй байгааг л ойлгохгүй байна.
Нэн шаардлагатай бүтээн байгуулалтаа нийтээрээ анхаарахгүй бол хавдраар өвдсөн хүмүүс эмнэлгийн коридорт оочерлосоор үхэх нь. Хамгийн гол нь өвчлөл залуужиж, урагт хүртэл хавдар илэрч байгааг бодоод ч болов эмнэлгийн төсвийг л тусгах өгөхийг хүсч байна.
Холбоотой мэдээ