ОХУ 2027 он гэхэд сансрын станцтай болно

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

ОХУ 2027 он гэхэд сансрын станцтай болно

ОХУ 2027 он гэхэд сансрын станцтай болно

ОХУ 2027 он гэхэд өөрсдийн гэсэн сансрын станцтай болохоор зорьж байгааг ерөнхийлөгч Путин Пүрэв гаригт мэдэгдлээ. Тодруулбал, 2027 он гэхэд станцын эхний сегментийг үйл ажиллагаанд оруулна. Тус станцыг Олон улсын сансрын станцын дараа орох сансар судлалын логик хөгжүүлэлт гэж Москва харж байна.

Орос улс өнгөрсөн наймдугаар сард саран дээр газардах оролдлого хийсэн боловч бүтэлгүйтсэн. 47 жилийн дараах оролдлого бүтэлгүйтсэн хэдий ч сарны хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж Путин сансрын салбарын албан тушаалтнуудтай уулзах үедээ хэлжээ.

Олон улсын сансрын станц болон Оросын хамтын ажиллагаа 25 жилийн түүхтэй. Хамтын ажиллагааг 2028 он хүртэл сунгах шийдвэр нь түр зуурын арга хэмжээ гэдгийг Путин хэлсэн байна. "Олон улсын сансрын станцын нөөц дуусч байгаа тул бид зөвхөн ганц сегмент бус бүхэл бүтэн станцыг ашиглалтад оруулах шаардлагатай. 2027 он гэхэд эхний сегмент тойрог замд байршина. Станцын бүтээн байгуулалтыг байнга л хийх ёстой. Эс бол Орос улс сансрын хөгжлөөс хоцрох эрсдэлтэй. Шинэ станц нь шинжлэх ухаан, технологийн бүхий л дэвшилтэт ололт амжилтыг шингээж, ирээдүйн зорилтуудыг биелүүлэх боломжтой байх ёстой" гэж Путин хэллээ.

Оросын сансрын агентлаг Роскосмосын тэргүүн Юрий Борисов ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. "Олон улсын сансрын станц хуучирч байгаа. 2030 он хавьцаа болоход Олон улсын сансрын станц үгүй болно. Оросын сансрын станцыг бүтээх дорвитой ажлыг ирэх онд хийхгүй бол цаг хугацаанаас болж алдагдал хүлээж магадгүй.

Олон улсын сансрын станц гэж байхгүй болчихоод байхад Оросын станц бэлэн болоогүй байна гэсэн үг шүү дээ" гэв.

Харин бүтэлгүйтсэн Луна25 хөтөлбөрийн талаар Путинээс асуухад "Бид сарны хөтөлбөр дээрээ мэдээж үргэлжлүүлэн ажиллана. Хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөө байхгүй. Алдаа л бол алдаа. Энэ нь бид бүгдийн хувьд ичгэвтэр зүйл. Сансар огторгуйн судалгаа шүү дээ, бүгд үүнийг ойлгож байгаа. Энэ туршлагаа бид ирээдүйд ашиглах болно" гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж