Ааваараа хөтлүүлэн урлагт хөл тавьсан Б.Амархүүгийн урлагийн замналд аз амжилт, алдаа аль аль нь байсан ч тэр урлагтаа үнэнч байж, үзэгч, сонсогчоо хүндэтгэсээр яваа.
Дуучин Б.Амархүү сүүлд ярилцлага өгөхдөө "Аав, ээж хоёр маань намайг урлагийн замыг сонгоход дуртай хүлээж аваагүй. Аав маань урлагийн хүн учраас жаргал зовлонг нь маш сайн мэднэ. Циркийн уран бүтээлчид урт хугацаагаар гадаадад аялан тоглолт хийхээр явна. Одоогийнх шиг улс хоорондын визний асуудал чөлөөтэй байсангүй. Урлагийн хүний амьдрал хэцүү учраас хүүгээ урлагийн замаар явуулах дургүй байсан. Сургуульд байхдаа дууны янз бүрийн тэмцээнд оролцож, шагнал авахаар аав, ээж маань хөөрч баярлаж байгаагаа харуулдаггүй. Би түүнд их эмзэглэж, шар хөдөлнө.
Гэтэл хожим нь надад “Машинд суугаад явахаар арын суудал дээр дуулаад л явдаг хүүхэд байсан. Чи энэ хорвоод дуучин болох зорилготой ирсэн гэдгийг чинь эртнээс мэдсэн. Тиймээс магтаалд ханаад дуулахаа больчих байх гэж бодсон учраас ил цагаан магтаж байгаагүй” гэдгийг хэлж байсан.
Яг намайг хүлээн зөвшөөрсөн цаг үе бол “Народны артист” тэмцээн. Тэр Кремлийн тайзан дээр ОХУ-ын нэр хүндтэй уран бүтээлчид шилдгээр шалгарсан хоёр залуу уран бүтээлчийг танилцуулж, эцэг эхийнх нь нэрийг дуудсан. Тэр мөчид л аав, ээж маань намайг урлагийн хүн болохыг минь хүлээн зөвшөөрсөн юм шиг санагддаг" хэмээн дурсан ярьсан байдаг.
Холбоотой мэдээ