"Ханжоу-2022" Азийн пара наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.27/ пауэрлифтингийн төрөл болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпийн аварга, “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Харин Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 251 кг-ын амжилттай алтан медаль, мөн тус улсын тамирчин Саман Рази хүрэл медаль тус тус хүртсэн аж.
Э.Содномпилжээ нь “Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө медаль гээд Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл медаль хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
Холбоотой мэдээ