УИХ-ын зүгээс НӨАТ-ын урамшууллын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлээд буй. Үүнийг 100 мянган иргэн дэмжин гарын үсэг зураад байгаа юм. Харин Сангийн сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн зүгээс НӨАТ-ын урамшууллыг нэмэх ямар ч боломжгүй гэдэг хатуу байр суурь илэрхийлсэн. Тиймээс залуу бизнес эрхлэгчид энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Б.ТӨРБАТ: ТӨСВИЙН ЗАРДАЛ НЭМЖ АЧААЛАЛ ӨСНӨ
(Жи ти гранд инвест ХХК-ийн захирал, Хууль зүйн ухааны докторант)
-НӨАТ-н буцаан олголт гэж нэрлэж байгаа хууль зүйн нэр томьёо нь буруу хэрэглэгдэж ирсэн. Төлсөн татварын орлогоос буцаан иргэнд олгодог систем биш. Харин төсвөөс зардал болгож, иргэдэд далд эдийн засгийг илрүүлэхэд тусалж, худалдан авалт, ажил үйлчилгээний баримтаа илгээсэн үйлдлийг нь урамшуулж буй урамшуулал буюу мөнгөн олговор юм. Төсвөөс энэ төрлийн урамшуулал нь зардал болж нягтлан бодох бүртгэлд суудаг. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт гэж нэрлэж байгаа хоёр хувийг таван болгож нэмэгдүүлвэл төсвийн зардлын хэмжээ нэмэгдэж, төсвийн ачаалал өснө. Төсвийн ачаалал өсвөл хуучин 10 хувиар бараа, ажил, үйлчилгээнд ногдуулж байгаа албан татварын хэмжээ төсвийн бүрдүүлэлтийг нөхөхийн тулд өсөх эрсдэлтэй. Энэ нь бизнес эрхлэгч, ажил олгогч, ажил үйлчилгээ эрхлэгчдэд ашиггүй буюу татварын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Одоогийн НӨАТ-ын хуулиар иргэн жилд 10 саяас дээш орлого олсон бол хүслэтээрээ, 50 саяас дээш бол албан журмаар ААН 50 саяд хүрвэл автоматаар НӨАТ төлөгч болдог. Компаниуд ААНОАТ дээр НӨАТ-н татварын 10 хувь нэмж төлж байгаа. НӨАТ-н урамшуулал өсвөл энэ дүн ахин 3-5 хувиар нэмэгдэх бодитой эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн эрсдэлтэй. Үүнийг урьдчилан тооцох боломжтой. Үүнийг хууль тогтоогч буюу УИХ-н дарга татвар өсгөх бодлого, тактикийн үүднээс нэмэгдүүлэх байр суурь илэрхийлж байж болзошгүй. Харин Засгийн газар төсөв бүрдүүлэгч, шууд захиран зарцуулагчийн хувьд боломжгүй гэж салбарын сайд нь мэдэгдэж буй нь бодитой байж болох юм.
Т.ХУЛАН: ӨНДӨР ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД АШИГТАЙ ТУСНА
(JKhulan /Ж.Хулан/брэндийн үүсгэн байгуулагч, захирал)
-Бид НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаар бус харин НӨАТ баримт өгдөг газрууддаа шаардлага тавьж баримтаа авдаг болох нь илүү бодитой гэж үзэж байна. Жишээ нь, 100 айл, Гурвалжингийн зарим барилгын материалын дэлгүүр болон хүнс барааны зах, худалдааны төвүүд, машины ченжүүд гэх мэт. Буцаан олголтын хувийг нэмэх нь иргэдэд урт хугацаандаа ялгаагүй юм. Шударгаар и-баримтаа өгч, татвараа төлдөг бизнес эрхлэгчдэд ямар ч нөлөө байхгүй гэж харж байна. Хэдийгээр 2 хувь нь 5 болж өсч байгаа мэт харагдавч дундаж орлоготой болон түүнээс бага орлоготой иргэдэд ямар ч нэмэргүй. Харин эсрэгээрээ өндөр хэрэглээтэй иргэдэд ашигтай байх боломжтой. Энэ нь иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэгш хүртээмжтэй байдлыг хангаж чадахгүй гэж харж байна.
Н.ГАНСҮХ: СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГУУД ЗАРЦААЖ, 600 ТЭРБУМЫГ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
(Бизнес зөвлөлийн тэргүүн, төрийн удирдлагын доктор Ph.D)
-Дэлхийн 200 гаруй улсаас 175 улс нэмэгдсэн өртөгийн албан татварын бодлого хэрэгжүүлдэг.НӨАТ бол эдийн засгийн арга хэрэгсэл тэр тусмаа далд эдийн засгийг бууруулахад чиглэдэг.Манай улсын хувьд НӨАТ бол 20 гаруй жил хэрэгжээд байгаа хэдий ч иргэдийн хувьд и-баримтын системийг ашиглаж 2 хувийн буцаан авалтыг авдаг болсноор илүү сайн мэддэг болсон. НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох боломжтой юу гэвэл боломжтой. Эдийн засгийн байдал төсвийн ачаалал талаасаа харвал хүндрэлтэй. Гэсэн хэдий ч иргэдэд буцаан авалтын хувь өндөр учраас НӨАТ төлөгч тэр бүр баримт өгдөггүй худалдаа эрхлэгч нарыг шахаж шаардаж аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг. Сүүдрийн эдийн засаг буюу хар зах зээлийг арилгах, багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах боломжтой. Өнөөдөр 140 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 мянга аж ахуй нэгж НӨАТ төлж байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын хувьд 250 мянга гаруйгаас зөвхөн 50 хан мянган гаруй л НӨАТ төлж байна. НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болсноор энэ тоо өсөх боломжтой. Харин улсын төсөв хэлэлцэж буй энэ цагт үр ашиггүй соёлын төвийн засвар зэрэг тэвчиж болох зардлуудыг царцааж 600 тэрбум төгрөгийг гаргах боломжтой.
Т.ЦАЦРАЛ: УЛСАД БОЛОН ТАТВАР ТӨЛӨГЧДӨД БҮР Л ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОЖ БОЛЗОШГҮЙ
(Түмэн аялал ХХК-ийн захирал)
-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх боломжгүй. Учир нь төсвийн зарлагад үүнээс илүү нэн шаардлагатай бусад зардлууд бий. Жишээ нь, хүний нөөц, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гацсан эсвэл удаашралтай явагдаж байгаа төсөл хөтөлбөрүүд. Бидний өмнө шийдэх чухал асуудлууд зөндөө бий, үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зэрэг асуудлууд хангалттай байна.
Халамжийн чиг хандлагатай бэлэн мөнгө тараах санал, санаачилгаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд нөлөөгүй гэж үзэж байна.
НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болсноор иргэдийн баримтаа шаардах нь ихсэнэ. Үүнийг дагаад далд эдийн засагтай тэмцэхэд нэмэртэй гэж харагдах байх. Гэхдээ урт хугацаандаа 2 хувь, 5 хувийн ялгаа гарахгүй. Харин ч эсрэгээрээ улсад болон татвар төлөгчдөд бүр л хүнд нөхцөл байдлыг бий болгож болзошгүй. Иргэдийн хувьд өндөр хэрэглээтэй цөөнхөд ашигтай, мэдрэгдэхүйц буцаан олголт орж ирнэ. Харин бага хэрэглээтэй иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас нээх ялгаагүй.
Холбоотой мэдээ