"Монголд 7 давхраас дээш барилга нураах туршлагатай компани байдаггүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

"Монголд 7 давхраас дээш барилга нураах туршлагатай компани байдаггүй"

"Монголд 7 давхраас дээш барилга нураах туршлагатай компани байдаггүй"

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос үерийн улмаас хохирсон айл өрх, аж ахуйн нэгжийн талаар тодрууллаа.


-"Үерийн сургамж, шийдэл" хэлэлцүүлэгт олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна. Энэ зун болсон үерийн улмаас хэр хохирол учирсан бэ. Ямар сургамж, шийдэл авсан бэ?

-Та бүхэн мэдэж байгаа. Энэ зун амаргүй болж, үерийн эрсдэлийн нөхцөл байдалтай тулгарсан. Бид хүн хүч, тогтолцоо, хууль эрх зүйн хувьд гамшгийн хор уршгийг ингэж арилгаж, барагдуулна, эдийн засгийн хөшүүргээр шийднэ гэдэгт бэлэн байгаагүй. Бид Дэлхийн банк, ЖАЙКА, КОЙКА, Нидерландын засгийн газрын төлөөллүүдтэй харилцан санал солилцож, асуудлаа ярилцаж байна. Энэ зун болсон үертэй холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулаагүй. Баянзүрх дүүргийн айл өрхүүдэд тодорхой хэмжээний арга хэмжээ авсан. Үндсэн санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдээгүй байгаа.

Урьдчилсан байдлаар 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Аль хэлбэрээр, ямар үнэлэмжээр хохирлын үнэлгээг хийх вэ гэдэг эцсийн шийдвэр байхгүй.

Ажлын хэсэг гараад ажиллаж байсан. Цаашдаа төлөвлөгөө гаргаж, иргэний хохирлыг хэрхэн барагдуулж, ямар эрх зүйгээр зохицуулах вэ, Гамшгийн тухай хуульд сан байгуулах тухай тусгаж, ямар үндэслэлээр санхүүжилт өгөх вэ гэдэг хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай байна.

-Үерийн далан хааж барьсан томоохон аж ахуйн нэгжийн барилгыг заавал гадаадын компаниар буулгаж, нураана гэсэн. Яагаад заавал гадаадын компани гэж?

-Энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг нийслэлд гарсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар энэ ажлыг эхлүүлж, одоогийн хотын дарга Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлж, арга хэмжээ авч байна. Хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийж, зөрчлөө арилгаж, хариуцлага тооцдог болгоё гэдэг асуудлыг ярьж байгаа.

Гадаадын компани гэдэг нь Монголд 5-7 давхар барилгаас дээш өндөр барилгыг нураах туршлагатай компани байдаггүй юм билээ.

Гэтэл Авлига хороолол 25 давхар барилга учраас мэргэжлийн туршлагатай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах нь зөв байх гэдэг шийдэлд хүрсэн. Аль улсын компани байх талаар хэлж мэдэхгүй байна. Тусдаа ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Үерээс болсон гамшгийг сэргээн засах талаар ямар ажил хийв. Үнэнийг хэлэхэд ирэх зун үер нүүрлэлээ гэхэд эрсдэлийг нь арилгаж чадсан уу?

-Нийслэлээс тодорхой далан сувгийн цэвэрлэгээ, төлөвлөгөөт ажлуудаа хийгээд явж байна. Бид нэн яаралтай хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар олон улсын байгууллагуудад хандсан. Бид хүн хүч, тоног төхөөрөмжийн хувьд чадавхжуулж, сайжруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт, өртөг зардлын хувьд үерийн хамгаалалт тусгай ангиллын барилга байгууламжид орж, өндөр зардлаар хийдэг.

Жишээлбэл, Нарны гүүрээс Арслантай гүүр хооронд Сэлбэ сэргэлтийн хүрээнд үерийн далан барьж байгуулахаар 2024 оны хавраас ажлыг хийхээр тооцоо судалгааг хийж байна.

Хэрэв иж бүрнээр нь шийднэ гэхэд олон улсын судлаачдын дүнгээр 2023-2025 онд нийт 872 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Ийм төсөв батлах боломжгүй. Тиймээс олон улсын байгууллагаас дэмжлэг хүсч, санал тавьж байгаа юм.

-Эрсдэл бодитоор буураагүй юм байна, тийм үү. Яриад байгаа бүхнээ тэгээд хэзээ ажил хэрэг болгох юм бэ?

-Арслантай гүүрээс "S outlets" дэлгүүр хүртэлх далангийн ажлыг ирэх хавар эхлүүлнэ. Тэгэхээр цаашид ийм зөрчилтэй байршлуудад санхүүжилтын дэмжлэг авах шаардлагатай байгаа юм. Шар усны үерээс өмнө энэ ажлуудыг зохион байгуулна. Зөрчлийн тухай хууль, Газрын тухай багц хуулиудад өөрчлөлт орж байна.

Бид шийдэгдэхгүй байгаа асуудлуудыг холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэхээр ажиллаж байна. Үерийн далан барих ажлыг хийхэд газар чөлөөлөлтийн ажил дээр гацдаг. Нэг цэг дээрх барилга угсралтын ажлыг хийхэд найм, есөн жил болж байх жишээтэй.

-Үерийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд орон сууц өгнө гэж мэдээлсэн. Түүнийгээ өгсөн үү?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэр асуудлыг шийдвэрлэсэн.

-Үерийн далангийн төсөв 2024 оны төсөвт тусгаагүй байна гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Ирэх жил хэчнээн үерийн далан шуудуу барина гэх төлөвлөгөө бий юу?

-Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 20 дугаар хороо Гүнжийн нуураас Сэлбэ гол хүртэл НҮБ-ын төслийн шугамаар 7.9 сая ам.доллараар, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны үерийн хамгаалалтын барилга байгууламжтай хоёр байршилд барина. Нийслэл, улсын төсөв дээр үерийн далан, байгууламжийн төсвийг шийдүүлж чадахгүй байна. Нийслэл дээр урьдчилсан байдлаар зургаан байршилд үерийн далан барихаар төлөвлөсөн. Ирэх арванхоёрдугаар сард төсвийг хэлэлцэнэ. Тэр үед санхүүжилтыг шийдвэрлэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж