Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саяхан “намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн дараа тодруулна” гэж мэдэгдсэн. Харин намд эрэмбээрээ гурав дахь том албан тушаалтан болох Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийг арваннэгдүгээр сарын 11-нд явуулахаар болж, товложээ.

Тэрбээр ирэх 7 хоногт Нийслэлийн намын хорооны нөхөн сонгуулийг явуулж, намын хорооны эгнээг шинэ хүмүүсээр тэлж бүрдүүлээд, түүний дараа долоо хоногт Нийслэлийн намын даргаа сонгоно гэж мэдэгдсэн юм.

Нийслэлийн Ардчилсан намын хороо нь дүрмээрээ 225 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар жилийн хураамжаа төлсөн, хүчин төгөлдөр 165 гишүүнтэй. Энэ нь дахиад 60 шинэ гишүүн хүлээж авах орон зай байгааг илтгэнэ. Намын даргын мэдэгдлээс үзвэл энэхүү 60 нээлттэй орон тоон дээр явагдах нөхөн сонгуулийн тов арваннэгдүгээр сарын 4-ний Бямба гаригт таарахаар байгаа юм. Тус намын удирдлагууд 2024 оны сонгуульд ялалт авчрахуйц чадалтай, хүчтэй, шинэ хүмүүсийг намдаа урих болсон.

Ардчилсан намынхны өнгөрсөн ялагдлуудын гол шалтгаан нь дүүрэг, хорооны түвшинд намын хороонд шинэ хүн оруулдаггүй, салхи оруулдаггүй, тухайн шатны намын дарга нар өөрийн эрх ашгийн үүднээс хамаатан садан, найз нөхдөөр намын хороог дүүргэж, шинэ хүн, өөр үзэл бодолтныг ойртуулдаггүй, ингэж “хайрцагласныхаа” хүчээр намын хороогоо өмчилж, он удаан эзэн суудаг явдал. Намын удирдлагууд дунд болон анхан шатан дахь ийм арга барил, соёл нь нийслэлийн намын хороонд шинэ манлайлагчид орж ирэхэд саад учруулж, улмаар ирэх сонгуульд ялагдах нөхцөл болох вий хэмээн болгоомжилж байгаа бололтой.

Нийслэлийн намын хороонд орж ирэх 60 шинэ гишүүн нь 9 дүүрэгт явагдах дүүргүүдийн намын хорооны хурлаар сонгогдох юм байна. Үүнд, Баянзүрх дүүрэгт 23, Сонгинохайрхан дүүрэгт 15, Хан-Уул дүүрэгт 9, Баянгол дүүрэгт 7, Налайх дүүрэгт 5, Багануур дүүрэгт 1 орон тус тус байгаа бөгөөд зарим дүүргүүдэд шинэ орон гараагүй ажээ. Нийслэлийн Ардчилсан намын даргад горилж байгаа нэр дэвшигчдийг авч үзвэл, намын дарга Л.Гантөмөрийн дэмжлэгтэй Д.Бадарсан, “Морьтон” гэх намын залуу гишүүдийн дэмжлэгтэй Ц.Баатархүү, "Гранд мийтинг" фракцын дэмжлэгтэй М.Тулгат, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй Т.Батцогт нарын нэр яригдаж байна. Үүн дээр намын дарга асан С.Эрдэнийн багагүй масс нийслэлийн намын хороонд байдаг гэдгээс түүний хэрхэн оролцох, хэнийг дэвшүүлэх, эсвэл дэмжих нь үр дүнд нөлөөлөх магадлалтай байна. Түүнийг Ц.Уянгыг сойж магадгүй гэсэн таамаглал бий. Ц.Уянга Ардчилсан намд саяхан элссэн. Нийслэлийн намын хорооны 225 гишүүний дундах санал хураалтаар тодрох учир энэ дотор тодорхой багц эзэлж чадахгүй өөр бусад хүмүүсийн тухайд бодит боломжгүй гэж тус намынхан үзэж байна

Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон бол Ц.Баатархүү, Т.Батцогт, М.Тулгат нар бүгд НИТХ-д хоёр удаа сонгогдсон. Хэн хэн нь нийслэлийн намыг өлхөн авч явж чадах фигурүүд гэж харагддаг.

Ийнхүү Нийслэлийн Ардчилсан намын хороонд ирэх 7 хоногт шинэ гишүүнээр бүртгүүлэн элсэх 60 гишүүн, одоо байгаа 165 гишүүн саналаа өгч, 2024 оны Нийслэлийн сонгуульд Ардчилсан намаа удирдан ялалт байгуулах лидерээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө ирэв.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж