ЧУУЛГАН: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохыг 104 мянган хүн дэмжсэн

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохыг 104 мянган хүн дэмжсэн

ЧУУЛГАН: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохыг 104 мянган хүн дэмжсэн

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ ээлжит хуралдаан болж байна. 


 

16 : 48
2023-10-27

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Улсын Их Хурлын тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дарга чуулганд мэдээлэл хийх үүрэгтэй нэг асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх мэдэлд шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх бүхий байгууллагаараа дамжуулж энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Эдгээр хуулийн дагуу аравдугаар сарын 27-ны өдөр D-Parliament цахим системд шинээр нээгдсэн өргөдлийн хэсэгт нийтдээ 489 санал ирж, үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой байна. 

Мөн албан бичгээр Худалдаа аж үйлдвэрийн танхим зэргээс олон давтамжтай ирсэн учир D-Parliament цахим системд НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох талаар санал асуулга тавьсан. Үүнийг зургаа хүрэхгүй хоногт 104 мянга гаруй хүн дэмжсэн. 

Энэ бол Монголын парламентын түүхэнд ард иргэд анх удаа цахимаар оролцож байгаа үйл явдал.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын дагуу холбогдох мэдээллийг танилцуулж байна. Ирээдүйн өв санд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дууссанаар тус санд хуримтлал үүсч эхэлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар ирээдүйн өв санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн сангийн мөнгөн үлдэгдэл 4,3 их наяд төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн өв сангийн хуримтлал нь бүрэн хөрөнгөөр баталгаажиж байна гэсэн үг. Өнгөрсөн 2020 оны наймдугаар 28-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх хуульд нэмэлт өөрчлөлт орж Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна гэж тусгасан. 

2023 онд тус санд 550 тэрбум төгрөг нэмж, Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаснаар 2024 онд 1,3 их наядын төгрөг нэмж төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Сангийн яамны зүгээс өндөр хүү гэхээс илүүтэй ирээдүйд зарцуулах хуримтлалыг үр ашигтай, найдвартай хадгалах чиглэлд анхаарч ажиллаж байна. 

14 : 13
2023-10-27

"Шүүгчдийн тоо нэмэгдэхгүй"

Шүүгч н.БАЯРМАА:

-Шүүгчдийн тоо нэмэгдэх үү гэж асууж байна. Нэмэгдэхүүнүүдийн байр л солигдоно. Бага үнийн дүнтэй хэргийг хялбар ажиллагааны шүүх байгуулагдвал үндсэн шүүх дээр ачаалал буурч шүүгч нарынхаа тоог татна гэсэн үг. Тэгэхээр нийт шүүгчдийн тоонд бол өөрчлөлт орохгүй. Бүгдээрээ ажиллаж байгаа тохиолдол учир шүүгч нараа л нааш цааш ажиллуулах зохицуулалт хийнэ. 

УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал хураалт явуулъя. Нийт 41 гишүүн чуулганд оролцож байгаагаас 53.7 хувиар санал дэмжигдлээ. 

12 : 08
2023-10-27

Хэрэг маргааныг тусгайлсан журмаар буюу хялбаршуулсан байдлаар шийдэх нь зүйтэй

УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:

-Хэрэг маргааныг тусгайлсан журмаар буюу хялбаршуулсан байдлаар шийдэх нь зүйтэй. Гэхдээ үр дүн гарах эсэх дээр сайн харах хэрэгтэй. Бага үнийн дүнтэй нэхэмжлэлийг шийдвэрлэдэг шүүх байгуулах нь зүйтэй. Тусгайлсан журмаар хянан зохицуулсан ажил нь хэргийг шүүх хурлаар шийднэ гэдэг өрөөсгөл. Тэгэхээр энэ процесс агуулгыг хангаж чадах уу? Нэхэмжлэгч юм уу хариуцагч ердийн журмаар гээд хэлэнгүүт ердийн журмаар болно гэж байх уу. Зохигчид давуу эрх өгөх талаар мөн юу гэж харж байна. 75.6.2.3 дээр шүүх тухайн хэргийг тусгайлсан журамд тохиромжгүй гэж үзэж байгааг зааж. Тохиромжгүй гэдгийг юу гэж ойлгох вэ. 

Томьёоллын хувьд авч үзвэл 75.1.4-д Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаан гэдгийг тусгасан байна. Гэр бүлийн тухай хуульд байгаа нэр томьёог ишлээд байгаа юм уу. 

Дараагийн зүйл нь нотлох баримтыг шинжлэх судлах. Нотлох ажиллагааг хязгаартай явуулж болно гээд байгаа. Хязгаартай гэдэг нь ямар агуулга юм. Яг одоо ийм, ийм зүйлийг хийж болно, болохгүй гээд тодорхой зааж болохгүй юу? 

Шүүгч н.БАЯРМАА:

-Нэгдүгээрт, нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх зарчим баримтлах гэдэг ойлголтын хувьд 2002 оны одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим бол өөрөө нэг л шүүх хурлаар асуудлыг шийдвэрлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдаан нэг л удаа хойшлоно гэсэн заалттай. Өнөөдөр практик эсрэгээрээ тогтоод байна. Шүүх хурал хэд ч хойшилдог байж болохгүй. Анхны шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтыг гаргаж өгөх, хүсэлтээ өгөх зэрэг нь өмнө нь хийгдэх ёстой ажил. Одоо үйлчилж байгаа хуулийн 105 дугаар зүйлээс энэ бүхэн тодорхой харагдана. 

Шүүх хуралдаанд оролцогч талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж чадаагүй эсвэл ирээгүй тохиолдолд эхний удаад хурал хойшлоно. 

Харин хоёр дахь удаагийн хурал дээр шүүгч цаасан болон цахим нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэр гаргана. Гэхдээ давж заалдах эрх нь нээлттэй. Хоёрдугаарт, ердийн журмыг өөрчилж байгаа нь бага үнийн дүнгийн хатуу процессыг уян хатан байдлаар шууд тусгаж өгөх үү, эсвэл үүн дээр зөв практик тогтох хүртэл явах уу гэх. 

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Хуулийн гол өөрчлөлт нь бага үнийн дүнтэй саналыг нэг удаагийн шүүх хурлаар шийднэ гэж байна. Талуудын хүсэлтийг хангаагүй тохиолдолд давах эрхийг юу гэж үзэж байгаа вэ?

Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Н.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийн 75.9-д Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөх гээд зүйл байгаа. Энэ хэсэгт давж заалдах шатанд гомдол гаргах эрхийг баталгаажуулж тусгасан байгаа. 

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Мэдээж бага үнийн дүнтэй хэргийг ачааллыг бууруулах үүднээс богино хугацаанд шийдвэрлэх ёстой. Аливаа зүйл санхүүжилтгүйгээр хууль хэрэгжих боломжгүй. Хэрэгжүүлэх санхүүжилт нь суугаагүй бол бид энэ хуулийг гаргах хэрэг байна уу гэдэг чухал асуудал. Иргэний маргаан шүүх дээр хугацаа алдсанаас иргэн ажил, амьдралгүй болж байгаа жишээ их байна. Судалгаануудыг хараад байхад Монгол Улсын иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн статистик мэдээн дээр шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн үнийн дүнтэй холбоотой мэдээлэл байдаггүй. Одоо энэ мэдээлэл байгаа юу. Нэгдсэн систем дээр ил байвал шүүхийн нээлттэй байдалд нөлөөлнө. Тэгэхээр энэ зүйлс засагдаж байгаа юу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Иргэний хэрэг сүүлийн таван жилийн дотор маш огцом нэмэгдсэн. Хүн амын тоо ихэсч, гэр бүл ихээр салж байна. Үүний золиос хүүхэд болж байна. Өмчийн маргаан ч их байгаа. Иргэд хоорондын бизнес арилжааны гэрээний үүргээ биелдүүлээгүй хөрөнгийн маргаан их байгаа юм. Жил бүр л иргэний маргаан 4,5 хувиар нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жилд тоо дабльдсан. Харамсалтай нь шүүгчийн цалин нэмэгдээгүй, туслах ч нэмэгдээгүй. Хөдөө шүүгч нар хэргээ шийдэх гээд хэргийн оролцогчийнхоо машинд суугаад явж байна. Машин унаа ч байхгүй. Сүүлийн 10 жилд шүүхэд нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Шүүгч нар өөрсдөө мужаан болчихсон шүүх хурлын заалаа тохижуулаад байж байна. Асуудал нэн төвөгтэй байдалд орсон. Тиймээс төсөв мөнгөний хувьд үнэхээр анхаарахгүй бол болохгүй.

Шүүхээс шударга ёс нэхэх нүүр УИХ-д байхгүй шүү. 

Нэг ч төгрөг хялаалгаагүй байж шударга ажиллахыг шаардаад хэрэггүй. Цогцоор нь анхаарч байж асуудлыг шийдэхгүй бол болохгүй. 

11 : 16
2023-10-27

Шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичигт шинээр үүрэг үүсгэхгүй

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Хууль зүйн байнгын хороо 2023 оны аравдугаар сарын 25-ны хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагч бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх хялбар журмыг тусгах тус ажиллагааг аль болох богино хугацаанд хэргийн оролцогчдод чирэгдэлгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичигт шинээр үүрэг үүсгэхгүй бөгөөд процессын журмыг хөнгөвчилж өгснөөр төр болон иргэнд үүсэх нэмэлт зардал байхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна. Уг хуулийн төслийг D-Parliament.mn цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Учрал хуулийн төсөлд цахим нотолгоог шүүхийн шатанд үнэлэх асуудлыг тусгасан эсэх асуудлаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд бага үнийн дүнтэй хэргийг нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлэхээр тусгасан нь иргэдэд чирэгдэл үүсгэх эсэх талаар тус тус асуулт асууж хариулт авсан болно. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн нэг зүйл өөрчлөгдөхөд бусад олон зохицуулалт дагаж өөрчлөгддөгийг анхаарах талаар саналаа хэлсэн. 

Байнгын хорооны хуралдаанд оролцогчид тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг олонхоор дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Гэр бүлийн маргаан гарч байгаа тохиолдолд тэтгэмжийн асуудал их гардаг. Тэгэхээр бага үнийн дүнтэй хэсэгт орж байгаа энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ? Дөрвөн жилийн өмнө тэтгэмж төлөх ёстой нийт хүмүүсийн 30 хувь нь л төлдөг гэсэн судалгаа гарсан. Энэ хуульд тус асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар хариулт авъя. 

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд бага үнийн дүнтэй хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх талаар зохицуулалт хийсэн. Энэ дээр бол 75,1-д нийт зургаан төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаж өгсөн. Үүнд гэр бүлийн маргаан хамаарахгүй. Ердийн журмаар зохицуулагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс энэ хуульд хамаарахгүй. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-С.Одонтуяа гишүүний асуусан асуултад хариулъя. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгууллага болон Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Засгийн газар дэмжвэл хоёр долоо хоногийн дараа УИХ-ын гал тогоонд орж ирнэ. 

Хамгийн сүүлийн жишээгээр хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай байна. 

Энэ тоо өмнөхөөсөө өсч байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийн гадаад улс руу зорчих эрх дээр хязгаарлалт тавих асуудлыг нэмэгдүүлснээр хүүхдийн тэтгэмж төлөлтийн хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ гурван асуулт байна. Нэгдүгээрт, Иргэний хэргийн процессыг бүхэлд нь янзалж, цэгцлэх судалгаа ажил хийгдэж байгаа юу. Хоёрдугаарт, хялбаршуулсан журам байгаа ч ердийн шүүхээрээ явах юм уу, эсвэл бага үнийн дүнтэй маргаан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм уу? Гуравдугаарт, Шүүх байгуулах хуулийн төсөл дээр дагнасан шүүхийн асуудал хэр орж ирэх вэ?

Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Үнийн дүнгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин ихэсгэсэн буюу одоогийнхоор 11 сая төгрөг байна. Шүүхийн практикт мөнгөн хөрөнгийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл маргааныг шийдвэрлэх байдал нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 22,4 хувь байгаа. Орон нутгийн хэмжээнд бол энэ тоо 13 орчим хувьтай байгаа. Бид энэ дүнг гаргахдаа Европын орнууд, Солонгос, Япон зэрэг оронтой харьцуулж үзсэн. 

Ажлын хэсгийн төлөөлөгч Н.БАЯРМАА:

-Шүүх байгуулахын хувьд дагнасан шүүхийг санал болгож байгаа. Гэр бүлийн шүүх, хялбар ажиллагааны шүүхийг дагнасан байдлаар байгуулъя гэсэн. Гэхдээ байршлын хувьд нийслэлд илүүтэй байгуулахаар төлөвлөж байгаа. Орон нутагт танхимын хэлбэрээр хөгжүүлэх талаар ажиллаж байна. 

10 : 52
2023-10-27

Зарим хэрэг 1-3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж байна

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Баасан гаригийн 10:00 цагт хууль эцэслэн батлах санал хураалт явуулна гэж заасан байдаг. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхээр санал хураалт явуулж байна. 

Нийт 42 гишүүн дэмжиж Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хууль санаалчагчийн илтгэлийг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулна. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2022 оны мэдээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд хэлэлцэх нийт 39 мянга 691 шүүх хурал зарласнаас 21 мянга 619 буюу 54,4 хувь нь хойшлогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа 30-120 хоног, зарим хэрэг 1-3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж байна. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх хугацааны хувьд хэргийн оролцогчийн хаяг тодорхой бус, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг буюу нэг шүүгч туслахад ногдох хэргийн тоо хэт их байна. Үүнээс шалтгаалж нэг хэрэг шийдвэрлэх зардлаар гурван хэргийг шийдвэрлэдэг хүчин зүйлс нөлөөлдөг боловч нөгөө талаас бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд тохирсон хянан шийдвэрлэх ажиллагаа хэргийн удирдлагын эрх зүйн орчин бий болоогүйгээс үүдэлтэй байна. 

10 : 28
2023-10-27

Төсөв хэлэлцэхэд дагасан хууль гэж олноор оруулж ирдгийг болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Төсөв өргөн баригдаад сар гаруйн хугацаанд хэлэлцээд явж байна. Дараа долоо хоногоос нэлээд жигдрэх байх. Биднийг төсөв баталж амжаагүй байхад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өслөө. Тэр дундаа бензин шатахуун, түүн дотор түлш. Орон нутаг, улсын хэмжээнд түлш тасарчихлаа. Өвөл болоход сарын хугацаа үлдэж, бүх бүтээн байгуулалт, үйлдвэрлэл түлшнээс болж саатахад хүрээд байна. Кран, ковш, портер гээд. Хөдөөгийн малчид намаржаанаасаа өвөлжөөрүүгээ дөнгөж нүүж байна. Гэтэл орон нутагт түлш 4000 төгрөгт даваад явчихлаа. Бүр ченж гарсан байна. 90-ээд оны эхээр архи шагаар зарна гэдэг шиг түлш хүргэлтээр зарна гэнэ. Үүн дээр Засгийн газар, Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам арга хэмжээ авахгүй юм уу. Яг одоо бүтээн байгуулалтыг ашиглалтад өгөх хугацаанд үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болж байна. 

Төсөв хэлэлцэхэд дагасан хууль гэж олноор оруулж ирдгийг болих хэрэгтэй байна. 

Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар АН Газрын тухай хуулиар завсарлага авсан. Тэрийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Өнөөдөр төсөв дагасан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай орж ирж байна. Нэг заалт уншиж өгье. Төрийн албаны тухай хуулийн 23.9 дээр Улаанбаатараас тухайн орон нутагт иргэний шилжих хөдөлгөөнийг бүртгэл хийлгэж, төрийн захиргааны албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан албан хаагчийг аймгийн төвийн суманд 1,3 жил, бусад суманд ажилласан жилийн хугацааг 1,6 жилээр дүйцүүлж тооцно. Энэ Үндсэн хуульд байх тэгш эрхийн зарчим орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг илт үгүйсгэсэн заалт болж байгаа юм биш үү? 

Хууль дагуулж хуулийн хулгай хийхээ болих ёстой.

Бодит нөхцөл байдал дээр Төсвийн тухай хууль гэж байгаа ч төсөв дагуулж орж ирж орон тоо нэмдэг, агентлаг байгуулдаг, сайд үйлдвэрлэдэг. 

Дараагийн асуудал. Эмч нарын цалинг нэмнэ гэж сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмнэ гэж заагдсан байгаа. Гэхдээ өрхийн эмнэлгийг ерөөсөө оруулаагүй. Гэтэл хүн амын эрүүл мэндийг хангаж байгаа, анхан шатанд үзлэг хийж байгаа гол хүмүүс бол өрхийн эмч нар. Тэгэхээр өрхийн эмч нарыг цаашид хэрхэхийг Б.Чинзориг сайд анхаарч, төсөвт тусгах өгөхийг хүсч байна. 

10 : 11
2023-10-27

Хуулийн төслүүдийг эцэслэн батална

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсоно. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэхээр тогтсон асуудлын тов дараалал өөрчлөх бол УИХ-ын даргад үндэслэл бүхий саналаа чуулганы өмнөх өдөр өгнө. Энэ дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нараас албан бичиг ирүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн үгээ татсан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд үг хэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж