С.Амарсайхан: Хүн амыг устгах бодлого явуулж байгаа юм уу?  

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Хүн амыг устгах бодлого явуулж байгаа юм уу?  

С.Амарсайхан: Хүн амыг устгах бодлого явуулж байгаа юм уу?  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар авч байсан лабораторийг засварлахад шаардлагатай 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд хүлээн аваагүй тухай хөндлөө.

Тэрбээр  “Нян бактер, хими, цацрагийн шинжилгээ хийдэг  лабораторийг  шинэчилж чаддаггүй юм аа гэхэд засвар хийхэд шаардлагатай 10 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгөөч гэж хоёр жил дараалан гуйгаад нэг ч төгрөг тавьж өгсөнгүй.

Монгол Улс өнөөдөр идэж байгаа хүнснийхээ пестицидийг ч шинжилж чадахгүй байгаа.  Боломжтой нь чанартай хүнс аваад идчихдэг байх. Гэвч цаана нь 3 сая гаруй хүний асуудал бий.

Хүнсний аюулгүй байдлыг хангая гэж ярьж байгаа хувь хүн нь таалагддаггүй юм уу, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх иргэдийн эрх ашиг таалагдахгүй байгаа юу. Эсвэл хүн амыг аажмаар устгах далд бодлого явуулж байгаа юм уу. Учрыг нь олохоо байлаа.

Хүнс шинжлэх лабораторийн 80 хувь хуучирсан учраас хийх ёстой шинжилгээнийхээ 20 хон хувийг хийдэг. Ийм байхад эрүүл аюулгүй амьдрал гээд зам тавьж, барилга барих хөрөнгө төсөвт тавиад нэмэр байна уу.

Сангийн яаманд би санал хүргүүлсэн, Засгийн газар дээр ч ярьсан. Гэвч 27 их наядын төсөв батлах гэж байж, 10 тэрбумыг лаборатори засварлахад зориулж суулгасангүй. Өнөөдөр энэ асуудлыг ярихаас аргагүй байна” гэв.

Гэвч Сангийн сайд Б.Жавхлан “Лабораторитой холбоотой санал ирээгүй. Энд орж ирээд попрох хэрэггүй” гэж зандарсан юм.

Стандарт хэмжил зүйн газрын харъяа лаборатори эвдэрснээс импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ бүрэн шинжилж чадахгүй байгаа асуудал 2018 оноос эхлэн яригдсан. Гэвч таван жил өнгөрөхөд байдал өөрчлөгдсөнгүй, засвар үйлчилгээнд нь шаардлагатай 10 тэрбум төгрөг ч суулгаагүй, Засгийн газрын хоёр сайд нь “хэл ам зөрөлдөөстэй” сууна.

Монгол Улсын 2024 оны төсвийг 27.4 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Түүнд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтууд суугаагүй тухай эдийн засагчид ч шүүмжилж буй. Мөн аймгуудад төсөв хуваарилахдаа Хэнтий аймагт хамгийн их буюу 800 орчим тэрбум төгрөг суулгасан асуудал ч хөндөгдөх болсон. УИХ хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч, 2024 оны төсөв дэх шаардлагүй зардлуудыг танахад 10 тэрбум төгрөг байтугай хэмнэлт гарч ирнэ. Түүнээс дээрх лабораторийн засварт шаардагдах хөрөнгийг тусгаж өгвөл уг нь нийт монголчуудын эрх ашгийг хангах асуудал юм даа.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж