Тэвчээртэй, тэнэг Улаанбаатарчууд

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Тэвчээртэй, тэнэг Улаанбаатарчууд

Тэвчээртэй, тэнэг Улаанбаатарчууд

Нийслэлийн төрсөн өдөр буюу Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 384 жилийн ой болох гэж байна. Жил бүрийн энэ өдөр нийслэлийн ой хэмээн сүртэйхэн тэмдэглэсээр удлаа. Одоо урьдынхаараа адилаар энэ өдрийг баяр гэж угтах ёстой гэж үү.

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн хуурыг цэнгүүлж, “Миний Улаанбаатар” дууг дуулдаг тогтмол арга хэмжээний хөтөлбөр нь 2-3 жил тутам солигдох дарга нар өөрчлөгдсөн ч солигдохгүй хэвээрээ. Иргэддээ ээлгүй, ногоон байгууламж байхгүй, утаа, тоос тоосонцор нь дийлдэхгүй, хөрсний бохирдол нь тартагтаа тулсан, хүүхэд хөгшид гараад тав алхахын боломжгүй, гудамжинд явж байгаад эсвэл машинтай зам дээр явж байхад толгой дээрээс төмөр бууж ирээд хөнөөчихдөг, иргэд зам дээр хэдэн цагаар хаашаа ч хөдлөхгүй таг зогсдог ийм хотод бид амьдарч байна. Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд агаарын чанар 8 мкм байхад хамгийн цэнгэг гэдэг зуны саруудад Улаанбаатарт агаарын чанар 30 мкм байна.

Хөөрхий, улаанбаатарчууд бид зун болоод агаар сайхан байна даа гэлцсээр. Үнэндээ харх мэт амьдарч байна. Тэсвэр тэвчээрийн туйл болтол нь биднийг ингэж сургажээ. Тэнэг болтлоо тэвчив.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн юм гэдэг. 1992 онд баталсан Шинэ Үндсэн хуулиндаа Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хэмээн зааж, нийслэл өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв. Одоо гэхэд Улаанбаатар хот 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлт, 2040 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй гэж байгаа. Бүр “Алсын хараа-2050”-д зааснаар тэр үед манай Улаанбаатар хот хүн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй болох юм гэсэн. Улаанбаатар хот нь дагуул хотуудтайгаа зэрэгцэж, орон сууц, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн дэд бүтэц дээд зэрэгт хүрэх юм байх. Гэхдээ энэ байдлаараа чадах болов уу.

Одоо нийслэлийн төрсөн өдөр, баяр гэж тэмдэглэхийн оронд хүн амьдрах боломжгүй, хүндээ ээлгүй, эзэнгүй хот болсноо хүлээн зөвшөөрөөд эрс өөрчлөлт хийхгүй бол дахиад 30 жил өнгөрсөн ч бид энэ хэвээрээ бүүр муу нөхцөлд байх биз.

1924 оны аравдугаар сарын 29-нд нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрлэж, анхны дарга томилогдсоноос хойш 35 даргын нүүрийг үзжээ. Дандаа эрх мэдэлтэй, албан тушаалтай эрчүүд манай улсын нийслэлийг удирдаж ирсэн юм. Бодвол нам төрөөс хамгийн “шилдгүүд”-ээрээ удирдуулсан л байх, гэвчиг өнөөдөр бид ийм л хотод амьдарч байна.

Гэнэт гэнэт томоохон санаачилгууд гарах ч тэр нь яг ард иргэдээ тайван амгалан тав тухтай амьдруулах амин чухал шийдвэрүүд үү гэвэл үгүй. Урин дулаан цаг нь бага, дэлхийн хүйтэн хотуудын нэг манай хотод 85 метр урт усан оргилуур барина л гэсэн, иргэд үгүй л гэсэн. Гэвч хүчээр шахам хашаа барьж байгаад 3.2 тэрбум төгрөг будаа. Нийслэл гэрэлт гудамжтай болно л гэсэн, Сөүлийн гудамж гэрлэн таазтай болсон бас тэрбум төгрөг алга болсон, нэг намын нөхөр нь даргаар гарч ирээд өнөөхийг нь цуцалсан. Байж байгаад шарилын чулуу шиг том чулуу урдаас аваад ирнэ. Бас хэдэн зуун сая ч билээ, удалгүй иргэдийн эсэргүүцлээр өнөөхөө хамаад авсан. Одоо хаана хэвтэж байгаа хөрөнгө юм бүү мэд. Бас хотын хамгийн том өргөн чөлөөгөөр автомашин зүүн эргүүлэхгүй байх мэргэн санаа олсон, хөдөлгөөн хурдлуулах биш улам сааруулсан учраас больсон. Бас тэр хашаанд татвар төлөгчдийн өчнөөн мөнгийг зарлагадсан. Иргэдийн оролцоо байхгүй, дарга нар өөрсдөө сэтгэлийн хөөрлөөр эсвэл боржуур байсгээд сольж мөнгө олдог шигээ санадаг юм уу. Ийм нэгэн эзгүй хотод харх шиг тэвчээрээ шалгасаар Монголын хүн амын тэн хагас нь амьдарч байна.

Эрчүүд дандаа удирдсаар ирсэн энэ хотод сэтгэл зүтгэл гаргаад ажиллах эмэгтэй дарга хэрэгтэй юм болов уу, иргэдийн оролцоотой хотын даргаа сонгодог байх нь зөв юм биш үү гэсэн олон бодол төрөх юм. Уг нь иргэдийн оролцоотойгоор хот хөгждөг. Тэдний сонгосон хүн хотыг удирдаж, тэдний хэрэгцээтэй гэсэн шийдлийг шийдвэрлээд явдаг байсан сан бол. Зөвхөн би л болж байвал гэж бодоод байвал энэ хот хөгжихгүй. Харин энэ хотын нэг хэсэг шүү гэж оролцоогоо харуулж байх ёстой. Оролцохгүй тэнэг тэвчээртэй байсаар байтал хотын маань байгаа төрх энэ. Тогтолцоо нь ч иргэдийн оролцоог хангахгүй, нам л мэднэ. Ерөнхий сайд томилдог энэ албаны сүүлийн хоёр ч томилгоо дандаа УИХ-ын гишүүд байж таарлаа. Сонгогчдоо төлөөлнө гэж сонгогдож гарч ирээд тэр албаасаа татгалзан байж хотын дарга болоод байдаг нь учиртай л байх даа.

Манай нийслэл хот мэндэлсний 384 жилийн ойтой зэрэгцэн нэгэн төслийг Улаанбаатар хот дээр хэрэгжүүлэх мэдээлэл явж эхэлсэн нь АНУ-ын USAID-ээс “Азийн тэсвэртэй хотууд” төсөлдөө багтаах болсон тухай мэдээ юм.

Хотын захиргаа, иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран хотын тогтвортой өсөлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтэц хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчинд ээлтэй арга барилыг хотын бодлого, төлөвлөлтөд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Хөөрхий, улаанбаатарчууд тэсвэр тэвчээрийн туйл болж амьдраад байхаар Америкийн ард түмний хөрөнгөөр бидэнд туслахаар гадныхан “Азийн тэсвэртэй хотууд” төсөлдөө хамруулж байх шиг.

Гэхдээ бид цөөхүүлээ, өргөн уудам энэ сайхан газар нутагтаа иргэддээ ээлтэй, хүндээ түшигтэй сайхан хот босгож болмоор л байх юм даа. Өнгөрсөн цаг хугацаанд явж ирсэн аргаасаа арай өөрөөр хотын даргаа тодруулдаг, хотын даргаа сонгодог, сэтгэлтэй хотын даргатай болохсон.

 Нийслэлйн өдрөөр улам бүр муудсаар байгаа хотдоо аз жаргалтай амьдарч байгаа мэт дүр эсгэлгүй болохгүй бүтэхгүй байгаагаа ил тод зарлаад засч залруулж амьдарцгаая.

Э.ЭРЭЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж