Ердөө жил гаруйн өмнө эвлэлдэн нэгдэж, элэг бүтэн болсон Монголын сагсан бөмбөгийн холбоо дахин хуваагдахад тун ойртлоо. Энэ удаад холбооны тамга тэмдэг бус лигийн зохион байгуулалт, ашиг орлогын улмаас холбоо болон багийн эзэд гэсэн хоёр гол дүр гарч ирэв. Анх таван суудлаас эхлэлтэй асуудал даамжирсаар сүүлдээ найман шаардлага болсон ч холбооны удирдлагууд нүүр өгсөнгүй.
Улмаар таван баг тусдаа лиг зохион байгуулах асуудал яригдаж, холбоо ч хөгжлийн лигийн таван багаа дээш нь татаж, дээд лигт тоглуулахаар өчигдөр/2023.10.26/ гэрээ байгуулжээ. Энэ нь ч сагсан бөмбөг сонирхогчдод таалагдсангүй.
Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа бөгөөд өнгөрсөн зун холбооны зүгээс багийн эздэд хандан шаардлага байвал хүргүүлээрэй гэсэн аж. Харамсалтай нь, лигийн эзэд хугацаандаа шаардлага, санал, хүсэлтээ хүргүүлээгүй гэнэ. Улмаар холбоо өөрсдийн дүрэм, журмаа баталж, лигийн эхлэх товыг баталжээ. Үүний дараа багийн эздээс зүгээс багийнх нь тоглолттой өдөр нүүрний эгнээний таван суудлыг өгөх хүсэлт тавьжээ. Хариуд нь холбооны зүгээс хоёр суудал өгөх боломжтойгоо илэрхийлсэн гэв. Багийн эзэд хүртэл багийнхаа тоглолтыг үзэхдээ тасалбар авдаг байсан тул энэ байдлыг өөрчлөхөөр "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван багийн эзэд нэгдэж, нийтдээ найман заалттай шаардлагыг хүргүүлжээ.
Үүнд улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.
Харин сагсан бөмбөгийн холбоо хариуд нь багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэжээ. Үүнд, "Лигийн тэмцээнд оролцох эсэх шийдвэр нь та бүхний өөрсдийн бүрэн эрх, сонголт бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд лигийн журмын 4.28-д заасны дагуу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багийн 75-аас доошгүй хувийг лигийн тэмцээний тоглогчдоос бүрдүүлэх үүрэгтэй болохыг дурдъя. Иймд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс лигийн журамд зааснаар төлөвлөгөөний дагуу эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн оролцоог хангаж зохион байгуулах болно" гэсэн юм.
Дээд лигийн багууд нэг улиралд дор хаяж нэг тэрбум төгрөг зарцуулдаг аж.
Удалгүй холбооны зүгээс хөгжлийн лигийн "Сэлэнгийн Бодонгууд", "Өмнөговь Ёлууд", "Mongolians", "Darkhan United", "ШУТИС Шаркс" гэсэн багуудыг дээд лиг рүү дэвшүүлж, гэрээ байгуулсан. Үндсэндээ шаардлага тавьсан таван багийг эдгээр багуудаар нөхөж, тоглолтын хуваариудыг шинэчлэн гаргаж, лигээ эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ шийдвэр нь шаардлага гаргасан таван баг болон хөгжлийн лигийн бусад багуудад ч таалагдсангүй.
Хөгжлийн лигийн "Дөргөн гарьд" багийн мэдэгдэлд "Бид ийм шудрага бус лигт оролцмооргүй байна. Хөгжлийн лиг маш гоё эхэлсэн. Одоо тэгээд 16 багаас зарим багуудыг дээд лигт оруулаад үлдсэн цөөхөн баг нь тоглох уу? Бид бооцоо болон гарсан бүх зардалаа буцаан нэхэмжлээд хөгжлийн лигээс гарах хүсэлтэй байна. Манай баг дээд лигийн тамирчидтай нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэх болно" гэв.
"Хасын Хүлэгүүд", "Налайх Бизон", "Архангай Алтан Дорнодын Дайчид" гэсэн гурван баг дээд лигтээ үлдсэн.
Үүний дараа Монголын сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбоо мэдэгдэл гарган талуудыг зөвшилцөлд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, хэрэв үр дүн гарахгүй бол тамирчид ч өөрсдийн арга замаар тэмцэнэ гэжээ.
Мэдээж энэ үйл ойлголцол, хуваагдлаас хамгийнтом хохирогчид нь тамирчид. Хоёр холбооны хуваагдлаас болж Монголын сагсчид арван жил хорионд байсан. Харин одоо эзэд, холбооны асуудлын улмаас Монголд хоёр том лиг үүсэх эрсдэл үүслээ. Хамгийн гол нь сагсан бөмбөгийн холбооны зүгээс дээд лигийг зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн 75 хувийг тус лигийн багуудаас бүрдүүлэх гэнэ.
Ингэхээр "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн багуудад тоглож буй Монголын топ тамирчид шигшээдээ багтаж чадахгүй байх аюул нүүрлээд байна.
News.mn сайт 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн хурлыг сурвалжилж, "Г.Батцэнгэлийн том амлалт ба 2 тамга эвлэв" сурвалжлагыг бэлтгэж байв. Энэ үед холбооны одоогийн тэргүүн Г.Батцэнгэл "Хэрэв би сонгогдвол зорилго маань тодорхой байх ёстой. Зургаан жилийн дараа “Г.Батцэнгэлээ, чи Монголын сагсан бөмбөгт яг юу хийсэн юм бэ” гэхэд харуулах зүйлтэй, хийсэн ажилтай байх хэрэгтэй” гэж байлаа. Тэгвэл түүний ажлаа авсан хоёр дахь жил том сорилт гарч ирэх нь энэ. Одоо багийн эзэд, холбооны удирдлагууд мөн лигийн орлогын ихэнхи хувийг хүртдэг гэдэг "UG" аренагийн төлөөлөл, тамирчдын холбоо нэг ширээний ард сууж, асуудлаа ярьж зөвшилцөлд хүрэхийг л сагсан бөмбөгийн сонирхогчид хүсч байна.
Холбоотой мэдээ