Сүүлийн жилүүдэд хүмүүс фитнес, спиннинг, ууланд алхалтаар тогтмол хичээллэж буй. Гэсэн ч үүнийг дагаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их үүсч байгаа аж. Тухайлбал, мэргэжлийн арга техникгүй, багш дасгалжуулагчгүй, дур мэдэн уулнаас том алхалж буух зэргээс үүдэлтэй спортын гэмтэл ихэссэн байна. Тиймээс энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн их эмч С.Батсүхээс тодрууллаа.
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ихийг мэдэхгүй хүн цөөн байх. Тэгвэл салбар эмнэлэг нээснээр, мөн тусгайлсан тасгуудыг гаргаж өгснөөр ямар давуу талтай байна вэ?
-Ачааллын хажуугаар хаягддаг олон зүйл бий. Тэдний нэг нь спортын гэмтэл. Бид орхигдоод байгаа бүх л зүйлээ төв болон салбар эмнэлэгтээ гаргахыг хичээдэг. Энэ удаа салбар эмнэлэгт маань "Спортын төв" нээгдэж байна. Энэ төв нь мэс засал, ослын өмнөх болон дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж, тамирчин эргээд талбай дээрээ итгэл төгс гарах боломжийг хангаж өгдөг. Ингэснээр спортын бүх төрлийн гэмтэлд хүрч үйлчлэх хүртээмжийг сайжруулж байгаагаас гадна хэвтэн эмчлүүлэх, ирэх урсгалыг хүртэл нэмж өгч байна.
Спортын гэмтлийг авч үзвэл ихэвчлэн гэмтлийн шалтгаанаар үүсдэг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад мэс засалд орж байгаа хүмүүсийн ихэнх нь өвдөг, шагай, тохой, үе болон мөрний үеийн гэмтэлтэй байна.
Тусгай тасаг буюу төвийг гаргаснаар энэ төрлийн гэмтлээр эмнэлэгт хандаж байгаа хүмүүст түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээс гадна яаралтай хагалгаанд оруулах, хэвтэн эмчлэх боломж бүрдсэн.
-Тамирчдаас гадна иргэд фитнесээр хичээллэх, ууланд алхахдаа бэртэх, зайлшгүй хагалгаанд орох шаардлага үүсч байна гэв үү?
-Тийм. Спортоор хичээллэж байгаад бэртсэн хүмүүс орж ирдэг. Спорт бүр өөрийн гэсэн техниктэй. Спиннингийн дугуй жийх, ууланд алхахдаа ч аюулгүй байдлаа хангаж сэрэмжтэй байх ёстой. Гэтэл хүмүүсийн болгоомжгүй байдлаас болж спортын техникийн алдаа гаргаж гэмтэж орж ирэх нь ихэссэн. Энэ тохиолдолд эхний ээлжид нарийн шинжилгээ, бусад үзлэгээ хийж мэс засалд орох уу, нөхөн сэргээх хөдөлгөөн заслын эмчилгээндээ явах уу гэдэг тодорхой болдог.
Ууланд алхах хүртэл учиртай. Манайхны нэг буруу ойлголт байдаг. Миний яс хугараагүй, хөл дээрээ явж л байгаа юм чинь гайгүй байх гэж асуудалд уужуу ханддаг.
Тэрнээс болоод эргээд гарах хүндрэл өсдөг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр тодорхой нэг бүтцийг шинэ дээр нь эмчлэх арга нэг өөр, архагшсан хойно нь эмчлэх арга тусдаа бий. Тэгэхээр цаг хугацаа алдсанаас болоод зарим нэг хадгалж авч үлдэж бүтцүүд алдагдах тохиолдол байдаг. Хугацаа алдаж байна гэдэг сэргээх боломжтой бүтцийг үхүүлж байгаа юм.
Хүмүүс дасгал хөдөлгөөн хийхдээ буруу техникээр хүнд жинг сонгож хийдэг нь алдаа.
Энэ нь булчингийн урагдал, сулралыг ихээр бий болгодог. Бүрэн эдгэх хугацаа удаан учир эргээд спортоор хичээллэх хугацаа нь л хойшлоно гэсэн үг.
Хайнга хандсанаас болж хүн насан туршдаа зовиуртай амьдрах, өвдөлттэй явах, дахин ямар нэгэн спортоор хичээллэж чадахгүй болж амьдралын идэвх буурна.
-ГССҮТ-ийн салбар эмнэлгийн "спортын төв" хэчнээн эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм бол?
-Манай тасаг 42 ор, таван эмчийн орон тоотой ажиллаж байна. Нөхөн сэргээх буюу сэргээн засах тасаг маань тусдаа үйл ажиллагаатай явж байгаа. Спортын бүх төрлийн гэмтэлтэй тамирчин болон иргэнд 24 цагийн турш яаралтай тусламж үзүүлж ажиллаж байгаа.
Холбоотой мэдээ