АНУ-ын Калифорниа мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Лхагва гаригт Хятадад айлчилсан. Түүний айлчлал цаг уурын зорилготой байсан боловч Шинжаан дахь албадан хөдөлмөр эрхлэлт, Хонгконг дахь ардчиллыг дарангуйлах, фентанилын экспорт зэрэг асуудлаар засгийн газрын өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцлоо. Гадаад бодлогын хувьд харьцангуй туршлага багатай Ньюсом энэ удаагийн айлчлалаар дипломат яриа хэлэлцээ хийх чадвараа харуулсан гэж үзэж байна.
Тэрбээр Лхагва гаригт Бээжин хотод Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Мөн өдрийн үдээс өмнө Гадаад хэргийн сайд Ван И, дэд ерөнхийлөгч Хан Жэн нартай уулзжээ. Тэр эдгээр уулзалтуудаар Хятад дахь хүний эрхийн зөрчил, Хонгконг дахь ардчиллыг дэмжигч жагсаал, Төвөд, Тайванийн талаар баримталж буй бодлогын талаар хэлэлцсэн байна. Айлчлалаас өмнө мужийн захирагчийн албанаас мэдээлэхдээ, Ньюсом уур амьсгал, технологийн бодлогод түлхүү анхаарлаа хандуулна гэж байв.
Тэгвэл эл уур амьсгалын асуудал нь худалдаа наймаанаас эхлээд Израиль, Хамасын мөргөлдөөн, Хятадад 17 жил хоригдсон Калифорнийн иргэн гэх мэт өргөн хүрээний асуудлаар яриа хэлэлцээ хийх үүд хаалгыг нээж өгсөн юм.
Амбан захирагч Гэвин Ньюсом, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалт нь ирэх сард Сан Францискод болох удирдагчдын уулзалтын замыг зассан гэхэд болно. Өргөн хүрээний яриа хэлэлцээ нь Ньюсомын хувьд ч, доод түвшиндээ хүрээд байсан АНУ, Хятадын харилцааны хувьд ч амжилт болов.
Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар Ньюсом юу ярьсан бэ?
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сүйрлийг хүчээр ч болтугай хамтран ажиллахаас аргагүй нөхцөл гэж нэрлэв. Калифорнийн хотуудын сүүлийн хэдэн жилийн агаарын бохирдол, үер, ой хээрийн түймрийн талаар тэр ярьлаа. Мөн нүүрстөрөгч багатай ногоон хөгжилд анхаарлаа хандуулав.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хэзээнээсээ л Хятад, АНУ-ын харилцааны чухал хүчин зүйл байсаар ирсэн. Хоёр улс 2015 онд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төлөвлөгөөгөө зарлаж байв. Уг төлөвлөгөөг тэд зарлаагүй бол 200 орчим улс Парисын цаг уурын гэрээнд гарын үсэг зурна гэж төсөөлөхөд бэрх. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж буй Хятад улс анх удаа утааг бууруулах арга хэмжээ авахыг зөвшөөрсөн онцгой үйл явдал болсон билээ.
Тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама, Ши Жиньпин нар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцээ хийхээр хамтдаа гарч ирснээс хойш багагүй цаг хугацаа өнгөрчээ. Уур амьсгалын тэргүүлэх чиглэлд хамтрах гэхээсээ илүү хоёр улс зам салах маягтай болов. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар хоёр улсын харилцаа хурцадсан. Энэ айлчлалтай холбоотойгоор Хятад улс АНУ-тай хийсэн цаг уурын яриа хэлэлцээгээ түр зогсоосон юм.
Оюуны өмч, технологийн хулгайн асуудлаас улбаалаад АНУ нь Хятадаас технологийн хараат байдлаа бууруулах хүсэлтэй болсон. Энэ эрмэлзэл нь сүүлийн үед цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг удаашруулж, уур амьсгалын эсрэг тэмцэлд сөргөөр нөлөөлж байна.
Сүүлийн саруудад Байдены засаг захиргааны хэд хэдэн албан тушаалтан, тэр дундаа Цаг уурын элч Жон Керри Хятадад айлчилсан. Гэвч эдгээр айлчлал нь үр дүн багатай байна. Тухайлбал, 2021 онд НҮБ-ын хэлэлцээний үеэр АНУ-тай байгуулсан гэрээний нэг хэсэг болох метан хийг хязгаарлах төлөвлөгөөг Хятад улс хараахан эцэслээгүй хэвээр байна.
Цаг уурын элч Жон Керрид хүртэл боломж олдоогүй атал Ньюсом Хятадын даргатай уулзаж чадсан нь хамтын ажиллагаанд гарч буй томоохон дэвшил гэж үзэж байна. Ньюсом АНУ-ын дотоод улс төрөөс хол байдагтай энэ нь холбоотой ч байж мэдэх юм. Вашингтон дахь албан тушаалтнууд цэвэр эрчим хүч, ашигт малтмал зэрэг салбарт Хятадаас илүү гарах шаардлагатайг онцлон тэмдэглэдэг бол Ньюсом эсрэгээрээ хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьжээ.
Цахилгаан автомашины үйлдвэрлэлд Хятад ноёрхож байгаа зэргээс эхлээд Калифорнид нөлөөлж буй хурцадмал байдал цөөнгүй бий. Ньюсом Хятадын даргатай уулзсаныхаа дараа "Калифорничууд хоёр талын худалдаа, шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг ахиулна гэж найдаж байна. Хоёр улсын харилцааны стратегийн улаан шугамыг би анхааралтай харж байна" гэжээ. Түүнээс "Ирээдүйд Хятадын автомашинууд улам олшрохыг хэрхэн харж байна вэ" гэж асуухад
"Би ирээдүйг харж байна. Бид чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд энэ ирээдүйг тодорхойлох ёстой" гэж хариулсан байна.
Калифорни муж олон жилийн турш Хятадын мужуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажилласан. Ньюсом 2005 онд Сан Франциско хотын захирагчийн хувиар Хятадад айлчилж байсан удаатай. Тэрбээр энэ үеэс л тухайн үеийн Шанхай хотын захирагч, одоогийн дэд ерөнхийлөгч Хан Жэн гэх мэт Хятадын удирдагчидтай холбоотой ажиллаж байсан.
Ньюсомын айлчлал АНУ, Хятадын хоорондын цаг уурын асуудлаарх өргөн хүрээний хөтөлбөрийг урагшлуулахад дөхөм болох эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ энэ нь ирэх сард Сан Францискод болох дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Байден нарын уулзах замыг зассан гэж үзэж байна. Ши Жиньпин, Байден нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезид "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Тэдний уулзалт Египетэд болсон НҮБ-ын цаг уурын асуудлаарх яриа хэлэлцээг жигдрүүлэхэд тусалсан гэж үздэг.
Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. Харин АНУ хоёрдугаарт. Харин Калифорни нь цэвэр эрчим хүчний технологи, бодлогоор АНУ-даа тэргүүлдэг муж юм. Тиймээс Ньюсомын айлчлал ахиц дэвшилд хөтлөнө гэж ажиглагчид үзжээ.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ