Уран бүтээлийн "Цэгц аравт" нэгдлийн зүгээс эх орны сэдэвт яруу найргийн уралдаан зарлаж байна. Оролцохыг хүсэгчид 2023 оны аравдугаар сарын 25-наас аравдүгээр сарын 26-ныг хүртэл эх орны сэдэвт нэг шинэ шүлгээ уншиж, видео бичлэг болгон “Цэгц аравт нэгдэл" пэйж рүү явуулна. Ирсэн бүтээлүүдээс шилдэг 10 шүлгийг зөвхөн сошиал уншигчдын үнэлгээ, оролцоотойгоор шалгаруулна. Сошиал хэрэглэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан 10 бүтээлийг шалгаруулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийтэд зарлан "Цэгц аравт" нэгдлийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.
Эх орны тухай олон сайхан шүлэг яруу найраг байдаг. Тухайлбал, Д.Нацагдоржийн "Миний нутаг", Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ", "Тэхийн зогсоол", Ш.Сүрэнжавын "Тусгаар тогтнол", "Ерэн баатарын дууль" зэрэг шүлгүүдийг нэрлэж болно.
Шүлэг, яруу найргаар дамжуулан эх орноо хайрлах, өв соёл, байгаль дэлхийгээ дээдлэх сэтгэлгээг түгээх нь өнөөдрийг нийгмийн нэг хөндөх сэдэв болсон. Хүмүүс хотжихийн хэрээр өв соёл, уламжлал, ёс заншлаа мартах, үгүйсгэх, нөгөө талаараа техник технологийн энэ зуунд хүн хоорондын харилцаа холдож, хүйтрэх болсон. Энэ хэрээр ч эх орон гэдэг нэг талаараа юу вэ гэсэн асуулт зүй ёсоор амьдралаас тавигдаж байна. Эх орондоо бид эцгээрээ овоглодог. Харин харийн нутагт бид эх орноороо овоглодог. Эх орон гэдэг бидний эцгийн нэрний өмнө бичигдэх эрхэм алдар билээ. Тиймээс хүүхэд, залуус, шүлэгч, яруу найрагчдыг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Б.БАТ