Ж.Чулууны үндэсний сонгодог ”Уран Хас” балет 50 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

Ж.Чулууны үндэсний сонгодог ”Уран Хас” балет 50 нас хүрлээ

Ж.Чулууны үндэсний сонгодог ”Уран Хас” балет 50 нас хүрлээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Чулууны "Уран Хас" балетын 50 жилийн ойн хүрээнд аравдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд үндэсний сонгодог балетыг тоглох гэж байна. Монголын үндэсний сонгодог шилдэг бүтээл Ж.Чулууны “Уран Хас” балет театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш ийнхүү 50 жилийн ойтоогоо золгож буй.

Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъяны Чулуун 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ.

ДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва "Энэ жил Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны "Уран Хас" балетын 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд сонгодог урлагт хайртай хүн бүр хайр, итгэлээр дүүрэн байж, үндэсний сонгодог балетаа үзлээ. Бид "Чулуун" сан, болон "Жамъяндагва" сантай хамран "Уран Хас" балетынхаа 50 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Энэ удаа "Уран Хас" балетад Монгол Улсын консерваторийн балетын ангийн сурагчид бүгдээрээ оролцож байна.

Мөн балетын хувийн сургалт, сургуулийн сурагчдын дэмжин, балетынхаа хэсэгт оролцуулж байгаагаараа онцлог болж байна. Мөн балетын гол дүрүүдэд ДБЭТ-ын гоцлооч дөрвөн залуу уран бүтээлч тоглоно. Монголын балетын урлагийн ирээдүй гэрэлтэж байна" гэв.

"МОНГОЛ ЭМЭГТЭЙН БҮРЭГ ИЧИМХИЙ, ЭГЭЛ ДАРУУ, УХААЛАГ ЗАНГ ДҮРЭЭРЭЭ ХАРУУЛНА"

"Уран Хас" балетын гоцлол бүжигчин Г.Нямцэрэн "УДБЭТ-таа зургаа дахь жилдээ бүжигчнээр ажиллаж байна. Өмнө нь дэлхийн сонгодог балетын гол дүрүүдэд тоглож байсан бол энэ удаа Монголынхоо үндэсний сонгодог балетад тоглох гэж байна. Миний хувьд Хасын сэтгэлт бүсгүй Хандармаагийн дүрд тоглож байна.

Монгол эмэгтэйн бүрэг ичимхий, эгэл даруу, ухаалаг занг дүрээрээ харуулахыг зорьж байгаа. Үзэгчид маань үндэсний сонгодог бүтээлээ шимтэн сонирхож, үндэсний өв соёл, үүх түүхээрээ бахархахыг хүсч байна" хэмээн өгүүллээ.

Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй энэ балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод Урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Харин балетын гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлоочид тоглож байжээ.

“Уран Хас” балет нь хоёр бүлэг гурван үзэгдэлтэй.

Үндэсний сонгодог балетыг 50 жилийн турш үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон. Уг балетыг 2008 онд дахин шинэчилж, буг согооны бүжгийн хэсгийг нь хасч, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан. Сүүлд 2013 онд Уран хас балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буга согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож, үзэгчдийн хүртээл болгосон.

Буга, согооны бүжгийн хэсэг нь массыг хамарсан нилээд сонирхолтой хэсэг нь аж. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугийн 12, согооны 12 нийт 24 хувцсыг шинээр хийж байсан түүхтэй.  Ж.Чулуун “Уран Хас” балетыг театрын тайзнаа амилуулсаны 50 жилийн ойн арга хэмжээг Монгол Улсын консерваторитай хамтран ирэх арванхоёрдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж