Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 жил болж байна. Зээлийн санхүүжилт зогссон, зээл олгохгүй байна гэх зэрэг асуулт иргэдээс их ирж байна. Харин ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгааг төв банкнаас мэдэгдэж байгаа. Иймд уг асуудлыг тодруулахаар орон сууц санхүүжилтийн компани болох Монголын ипотекийн коропарцийн Үнэт цаасжуулалтын газрын захирал Т.Гансамбуугаас тодрууллаа.
-Ипотекийн зээлийн олголт хэвийн үргэлжилж байгаа юу. Энэ оны байдлаар нийт хэдэн ипотекийн зээлийг танай компани худалдан авч, хэдийн хэмжээний санхүүжүүлэлт хийгээд байгаа вэ?
-Монголын ипотекийн корпораци нь арилжааны банкны олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч үнэт цаасжуулдаг санхүүгийн байгууллага. Бид 2023 онд 756 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 9,446 өрхийн зээлийг банкуудаас худалдан аваад байна. Уг хөтөлбөр ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжигддэг учраас МИК-ийн үнэт цаасжуулсан ипотекийн зээлийн сар бүрийн эргэн төлөлтийн дүнгээр эх үүсвэрийн хэмжээ тодорхойлогдож байна гэсэн үг.
-Энэ оны үлдсэн хугацаанд хэдий хэмжээний зээлийг худалдан авах вэ. Цаашид зээл худалдан авах үйл ажиллагаа үргэлжлэх үү?
-Бид энэ ондоо багтаж дахин нэг ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тус үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Уг багцад ойролцоогоор 3000 гаруй зээлийг багцалж үнэт цаасжуулахаар байгаа юм. Мөн зах зээл дээр байгаа ипотекийн зээлийн үлдэгдэлтэй уялдуулан ирэх оны төлөвлөгөөгөөг урьдчилсан байдлаар гарган ажиллаж байна.
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг ямар эх үүсвэрээр санхүүжиж байгаа вэ. Ер нь хэн, хаанаас санхүүжүүлдэг талаар тайлбарлаж өгнө үү?
-Тус хөтөлбөр анх 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд санхүүжилтийн бүтцэд хэд хэдэн удаагийн өөрчлөлт орж байсан. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, иргэдэд 6% хүүтэй орон сууцны зээл олгож байна.
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжээд 10 жил болж байгаа. Энэ хугацаанд МИК хэдий хэмжээний зээлийг үнэт цаасжуулсан бэ. Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байна?
-Хөтөлбөрийн хүрээнд 2013-2023 оны хооронд арилжааны банкууд нийт 115 мянга орчим ипотекийн зээлийг олгосон байдаг. Үүнээс бид нийт 106.3 мянга гаруй өрхийн зээлийг багцлан худалдан авч үнэт цаасжуулсан байна. Энэ нь нийт 400 мянга гаруй иргэн хөтөлбөрийн үр дүнг шууд хүртээд байна гэсэн үг. Мөн хөтөлбөрийн хүрээнд 40 мянган орчим өрх айл ипотекийн зээлд хамрагдан гэр хорооллоос орон сууцанд шилжин орсон байгаа нь агаар хөрсний бохирдол болон янданг бууруулж буй бодит үзүүлэлт болж байна.
Холбоотой мэдээ