"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-АТГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ нүүрсний хэргийг шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлж буйгаа мэдээлсэн. Нүүрсний сонсголыг энэ намрын чуулганд багтааж хийж чадах уу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийх ёстой. Мэдээж өнгөрсөн жил нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор Монголд орж ирэхгүй байгаа орлогыг оруулдаг болохын тулд Засгийн газраас 362 дугаар тогтоолыг гаргасан. Тухайн тогтоол гарч байхад улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Улам багасч, дефолт болох эрсдэл нүүрлэх гэж байсан учраас ярилцаж байгаад тогтоол гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого 100 хувь улсад орж ирдэг байх шаардлагыг тавьсан. Мөн нүүрс тээвэрлэлт хийсэн компани татвар, хураамжаа улсад бүрэн төлдөг байх ёстой.

Уг шийдвэр гарах хүртэлх хугацаанд тээврийн компаниудын 90 орчим хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, иргэн болон компанийн өмчлөлд байдаг.

Эдгээр нь тайлангаа хилийн цаана тавьж, татвараа төлдөг байсан. Үр дүнгээр 4.2 орчим тэрбум ам.долларын нөөцтэй болж, эдийн засгийн дампууралд хүрэх нөхцөлөө сайжруулж чадсан. Цаашдаа валютын ханшийг тогтворжуулж, буулгах, төгрөгийн ханшийг чангаруулах чиглэл рүү анхаарч ажиллана.  Нүүрсний сонсгол хийх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа. Сонсголыг энэ ондоо зохион байгуулна.

Түгжрэлийн тухай хууль Засгийн газрын хуралдаан дээр энэ долоо хоногт хэлэлцэгдсэн. Тухайлбал, хотын төвд зорчиход нэг автомашинаас 27 мянган төгрөгийн татвар авах агуулга орж ирсэн гэх мэдээлэл бий. Үүн дээр Засгийн газар ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Хотын дарга Засгийн газар дээр санал ирүүлсэн. Засгийн газар дээр танилцаж хэлэлцээд олон анхдагч хуулиудад өөрчлөлт оруулах санал ирж буй учраас УИХ дахь намын бүлгүүд, салбар яамдуудын саналыг эцэслэн авсны үндсэн дээр УИХ-ын чуулганд өргөн барих процесс явагдана. Мэдээж, яамдууд өөр өөрсдийн байр сууринаас хандаж байна. Хотын дарга зарим талаар хатуу шийдвэр гаргахыг зорьж яваа. Олон нийтийн зүгээс зөв ойлгож дэмжээсэй гэсэн заалтууд бий. Хууль зүйн яам, Сангийн яамнаас зарим заалтаас татгалзаж байгаагаа ирүүлж байна. Үүнийг ЗГХЭГ-т нэгтгээд, УИХ-д өргөн барина. Хотын даргын зорилго бол Улаанбаатар хотын төвд ачаалал үүсгээд байгаа автомашины тоо, төвийн хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах бодлого баримтлахаа илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хилээр орж ирж буй автомашины тоо түүнд оногдож буй татварт тодорхой хэмжээний хязгаарлалт хийх зорилгыг агуулсан саналаа ирүүлсэн. Гуравдугаарт, хотын дахин төлөвлөлттэй холбоотой Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн. Тухайлбал, дахин төлөвлөлтөд өөрчлөлт оруулж зарим иргэн аж ахуй нэгж газар чөлөөлөлтөд хойрго ханддаг. Үүнийг тодорхой хуулийн зохицуулалттай болгох санал ирүүлсэн.

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгохоор 100 мянган хүн саналаа өглөө. Үүн дээр Засгийн газар байр сууриа нэгтгэсэн үү?

-НӨАТ-ын хоёр, таван хувийн ялгаа юундаа орших юм. Буцаан олголтын хувь хэмжээ нэмэгдсэнээр хаанаа илүү ач холбогдолтой юм бэ гэдэг талаасаа ч  яригдаж байна. Хоёр талтай. Буцаан олголтын хувь хэмжээг нэмснээр далд эдийн засаг ил болохыг эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн түлхүү ярьж байна. Иргэдийн зүгээс худалдан авах чадвар өндөр орлогтой компанийн хэмжээнд байдаггүй. Буцаан олголтыг өндөр орлоготой компаниуд аваад явчихдаг. Тиймээс бага орлоготой, бага зарлагатай иргэдэд очих буцаан олголт харьцангуй бага учраас шүүмжлэх хүмүүс байгаа. Тиймээс УИХ-ын түвшинд санал асуулгыг явуулж дууслаа. Одоо, байнгын хороонд шилжүүлэх процесс явагдаж байна. Байнгын хороо үүнийг олон талаас нь судлах ёстой. Ямар нэгэн байдлаар татварын тогтсон бүтцэд өөрчлөлт оруулах нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө авчрах нь илүү байдаг учраас энэ асуудалд Засгийн газар маш их анхаарал хандуулж ажиллана.

НӨАТ-аар оролдсон зарим улс орон дампуурсан жишээ бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж