Нэг гүүр давбал нэлээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян гэсэн хошигнол хоржоонтой нь үнэн. Товчхондоо, Улаанбаатарын төв цэг төв талбайгаас хойш, урагш хоёр өөр амьдрал, хоёр өөр давхрага үүссэн. Нэг хэсэг нь нэг хэсгийнхээ насаараа мөрөөдөөд ч олохгүй мөнгөөр гадаад, дотоодод тансаглаж байхад нэг хэсэг нь нэг хэсгийнхээ огт төсөөлж мэдэхгүй амьдралаар амьдарч байгаа нь бодит үнэн.
Уул уурхайн бизнес эрхэлдэг эмэгтэйн гар цүнхэнд хоёр тэрбумын / 600 мянган евро/ үнэт эдлэл байх нь гэмт хэрэг биш ч У.Хүрэлсүхийн “баялгийн эзэд”-ийн хувьд барьж үзээгүй мөнгө мөн үү мөн. Хоёр тэрбумын шопинг хийх боломжтой хэсэг нь маш бага, хоёр хуушуураар ходоодоо баярлуулах нь Монголын нийт хүн амын дийлэнх олон. Энэ мэт хуваарилалтын шог, хүртээмжийн ялгаа өнгөрсөн 30 жилд Монголд хоёр өөр нийгмийг нэгэнтээ бүтээжээ. Үүнээс болоод өдгөө Монголын ардчилал эмзэг сул, үндэсний ялгаа үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулж байна. Иймээс Улаанбаатарын төв цэгээс хойдох “нийгмийг” Улаанбаатарын төв цэгээс урдах “нийгэм” рүү ойртуулахгүй бол алдах юмгүй “пролетариуд” авлига, хулгайгаар хөлжсөн Улаанбаатарын урд хэсэг рүү чулуу бариад босч мэднэ.
1.
Монголчуудыг алт сандайлсан гуйлгачид гэж гадныхан шоолдог, шоглодог. Дэлхийд манай улс зэсийн нөөцөөрөө тавдугаарт, ураны нөөцөөрөө 10-т, нүүрсний нөөцөөрөө 17-д жагсдаг. Нэмээд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөцтэй. Хэнтий, Хангай, Соёны нутгаар алтны, Орхон, Сэлэнгийн сав газраар зэс молибдений, Дорнод Монголын нутгаар хайлуур жоншны, Хөвсгөлийн бүсээр фосфоритын, Тавантолгой, Хар тарвагатай, Ачит нуур, Багануур, Өвдөгхудаг зэрэг орд дагасан чулуун нүүрсний нөөцүүдтэй. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд орж, экспортын 94 хувийг уул уурхай эзлэж байна. Атал өнөөдөр хүн амын ядуурлын төвшин 27.8 хувьтай, энэ нь Монголын дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг.
Дөрвөн хүн тутмын нэг нь ядуу амьдарч байхад эрх мэдэл, мэдээлэлд ойр 40 гэр бүл 40 их наядын нүүрсийг хулгайлж баяжиж байгаа нь Монгол Улс системын уналтад нэгэнт орсны дохио юм. Үндсэндээ Монголын тогтолцоонд SOS дуугараад удаж байгаа, хэрэвзээ арга хэмжээ авахгүй, авлига хулгайтайтаа эвлэрээд явах юм бол ардчилаас авторитори дэглэм рүү гулсана гэсэн үг.
“Баялагтаа эзэн Монгол” гэдэг уул уурхайгаас орж ирж буй татвар, хураамжийг зөв зарцуулах тухай болохоос хуйвалдаж, хулгайлахыг хэлдэггүй. Үнэндээ Монголын томоохон уул уурхайн орд газруудыг гурван үсэгтэй компаниуд, 30 гэр бүл хувааж эзэмшдэг нь бас чиг гүтгэлэг биш. "Сахал" Д.Эрдэнэбилэгийн мэдэлд гэхэд л зэс, нүүрс, төмөр, газрын ховор элемент, мөнгө, цемент гээд нэжгээд орд очсоны буруу, зөвийг хэлж мэдэхгүй. Газрын ховор элементийн нөөцтэй "Халзан бүргэдэй", “Ар хүрэн уул”, “Шар толгой”-н ордууд ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн, “Бор толгой” орд "Моннис"-ийн Б.Чулуунбаатарын эзэмшилд байдаг. Халзанбүргэдэйн ордын нөөц Монгол Улсын нийт газрын ховор элементын 30 хувийг бүрдүүлдэг гэхээр эдийн засгийн үнэлэмж, өгөөж сайтай эдгээр орд хуулийн дагуу хувьд хүнд очив уу, хулгай хийж авсан уу гэдэг нь асуултын тэмдэг. "МАК"-ийн эзэмшилд Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн нийтдээ 36 орд байдаг талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэнтээ зарлаж байлаа. Тэгвэл Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаа худаг "MCS" компанийнх. Нүүрсний нөөц, чанараараа Тавантолгойн бүлэг ордын "өрөм" нь гэж хэлж болно. Тус компани сүүлийн үед Баянхонгорын Баянхөндийн алтны төсөлтэй нэр холбогдох болсон. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга ч байгалийн баялагт багагүй гар дүрсэн нэгэн. Тэрбээр А.Батсүх гэгчтэй хамтран “Камекс” компанийг үүсгэн байгуулж, нүүрс, алт, зэсийн 17 лицензийг өөрийг болгожээ. Түүнийг Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад зарсан гэдэг нь зүгээр ч нэг гүтгэлэг биш биз.
Гол нь эдгээр хүмүүс хууль дүрмийн дагуу орд газраа худалдан авсан бол, хувийн өмчийг хурааж авах эрх ямар ч төрд байх учиргүй. Тэр тусмаа чөлөөт эдийн засгийг хөгжүүлэхийг хүсч байгаа бол. Харин хууль бусаар хулгайлж авсан ордыг хувийн өмч гэж хэлэхэд хэцүү. Энэ тохиолдолд эцсийн шийдвэрийг шүүх гаргана.
2.
2005-2007 оны хооронд Монголын орд газруудын лицензийг нэг хэсэг хүн чихрийн цаас шиг зарсан, дамжуулсан. Жишээ нь, З.Номундарь гэх япон нөхөртэй бүсгүйн тухай “үлгэр, домог” шиг зүйлс өнөө ч уул уурхайнханд дунд яригддаг. Жирийн нэгэн бүсгүй Монголын баялгийг баруун солгойгүй зараад явж чадахгүй нь ойлгомжтой. Ард нь албан тушаалтнууд байсан нь, авлигаар авч өгөлцөж ирсэн нь бүр ч ойлгомжтой. Монголд нүүрлэсэн баялгийн тэгш бус хуваарилалт, баян ядуугийн ялгаа эндээс эхлэлтэй нь үнэн.
Улс төрийн нам болгон сонгуулийн хөтөлбөртөө уул уурхайгаас олсон орлогоо тэгш хуваана л гэдэг. Гэвчиг, “Эрдэнэт”-ийг Монголын төр зуун хувь авлаа гээд “Эрдэнэт”-ийн зэс монголчуудынх болохгүй. Ялсан намын, тамга барьсан эрх мэдэлтний “өмч” болдог бичигдээгүй хууль Монголд мөрдөгддөг.
Улс төрд хэн хүчтэй нь “Эрдэнэт”-ийг эзэмшдэг нь худлаа ч юм биш. Энэ жишиг одоо ч хэвээрээ. “Эрдэнэс Тавантолгой” гэхэд хулгайн гараар ороод дуусч байна. Гурван сая гаруй иргэдийн хөрөнгийг нийлүүлээд ч Монголын улс төрөөс хараат 300 хүн, гурван үсэгтэй компаниудын хөрөнгөтэй дүйцэхгүй.
Өнөөдрийн үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн хямрал эдгээр гэр бүлүүдийн орлогыг л зузаалж байна. Энэ хэрээр энхтайваны гүүрний урд хойно орших хоёр нийгмийг холбох дундаж давхрага дундарсаар л…
3.
Байгалийн баялгийг тэгш, хүртээмжтэй хуваана л гэдэг. Тэгж ярих юм бол Тавантолгойн нүүрсээ урьдчилж зараад эсвэл “Эрдэнэт”-ээс олсон орлогоо олуулаа хуваагаад авчихыг тэгш хуваарилалт, баялгийг баялгийн эздэд нь гэхгүй. Байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчим нь баян, ядуугийн ялгааг багасгах тухай. Соц нийгэм биш нь үнэн тул бүх хүн тэгш эрхтэй ч тэгш амьдрах аргагүй. Тиймээс уул уурхайгаас олох орлогоор улны иргэдээ цөөлөх нь улсын бодлого.
Иргэдээ тэгш хуваарилах нэрээр Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сангуудийг ЖДҮ, ТЭДС болон БЗС шиг улстөрчдийн угжны сан болгож болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнийгээ хэрэгжүүлж байж л хоёр гүүрний эсрэг, тэсрэг талд орших хоёр өөр нийгмийг ойртуулна. Үндэсний хөрөнгөтнүүд ч өөрсдөө бүгдийг хуу хамдаг “өлөн” сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Үндэсний том компани байж өвчүү, ууц чанах иргэдийнхээ орлогыг хүртэл ичгүүр сонжуургүйгээр булааж авч болохгүй биз дээ!
Холбоотой мэдээ